Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Буддын шашинтнууд Бурхан багшийн их дүйчэн өдрийг олон зуун жилийн өмнөөс тэмдэглэсээр иржээ

Буддын шашинтнууд олноор амьдардаг улс орнуудад уг өдрийг нийтээр тэмдэглэх баяр болгон амрахаас гадна өөр олон улсад янз бүрийн хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улсад 1990 оноос хойш тэмдэглэх болсон ба 2020 оноос бүх нийтийн амралтын өдөр болгосон юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Буддын шашинтнууд Бурхан багшийн их дүйчэн өдрийг олон зуун жилийн өмнөөс тэмдэглэсээр иржээ
Буддын шашинтнууд Бурхан багшийн их дүйчэн өдрийг олон зуун жилийн өмнөөс тэмдэглэсээр иржээ. Зураг: МҮОНРТ

Бурхан багшийн их дүйчэн өдөр маргааш тохиох гэж буй тул уншигч танаа дараах мэдээлэлийг хүргье.

Бурхан багшийн их дүйчэн өдөр нь Бурхан багш эхээс мэндэлсэн болон 37 насандаа гэгээрлийн хутгийг олсон, 81 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлж, нирваан дүрийг олсон өдөр болох зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг хэлнэ.

Буддын шашинтнууд олноор амьдардаг улс орнуудад уг өдрийг нийтээр тэмдэглэх баяр болгон амрахаас гадна өөр олон улсад янз бүрийн хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улсад 1990 оноос хойш тэмдэглэх болсон ба 2020 оноос бүх нийтийн амралтын өдөр болгосон юм.

Буддын шашинтнууд олон зуун жилийн өмнөөс их дүйчэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг байсан бөгөөд 1950 онд Шри Ланкад зохиогдсон Дэлхийн буддистуудын холбооны анхдугаар чуулганаар уг өдрийг зуны тэргүүн сарын шинийн 15-ныг Бурхан багшийн их дүйчэн өдөр гэж албан ёсоор тодорхойлжээ.

Дэлхийн буддистуудын холбооны чуулганаас Балбын эрхэмсэг махаража Весакийн их дүйчэн сарын шинийн 15-ныг тус улсын нийтээр тэмдэглэх баяр болгосон өршөөнгүй шийдвэрт талархаж байгааг тэмдэглэхийн сацуу ертөнцөд хүлээн зөвшөөрөгдсөн ачит багш Буддын дурсгалд зориулж, энэ өдөр нийтээр тэмдэглэх баяр болгохыг олон, цөөн гэлтгүй буддистууд амьдардаг бүх орны засгийн газрын тэргүүнүүдэд уриалжээ.

1999 оноос Нэгдсэн Үндэстний Байгууллага өөрийн төв байр болон дэлхийн өнцөг булан бүр дэх салбарууддаа их дүйчэн өдрийг тэмдэглэх болсон байдаг.

Хуваалцах