Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгчөөр Во Ван Туонг сонгогдлоо

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын нэг танхимт парламент пүрэв гарагт эрх баригч Вьетнамын Коммунист намын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Хэрэг эрхлэх газрын байнгын гишүүн Во Ван Туонгийг тус улсын шинэ Ерөнхийлөгчөөр сонголоо.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгчөөр Во Ван Туонг сонгогдлоо
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгчөөр Во Ван Туонг сонгогдлоо. Зураг: МҮОНРТ

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын нэг танхимт парламент пүрэв гарагт эрх баригч Вьетнамын Коммунист намын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Хэрэг эрхлэх газрын байнгын гишүүн Во Ван Туонгийг тус улсын шинэ Ерөнхийлөгчөөр сонголоо.

Во Ван Туонг сонгогдсон даруйдаа төрийн тэргүүний тангаргаа өргөж, улс орон, эрх баригч нам, ард түмэндээ үнэнч байхаа андгайлжээ.

Во Ван Туонг нь өдгөө 52 настай. Философич мэргэжилтэй. Вьетнамын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны 16 гишүүнээс хамгийн залуу гишүүн нь юм байна.

Өчигдөр Ханой хотноо болсон Вьетнамын Коммунист намын Төв хорооны 13 дахь чуулганы ээлжит бус бүгд хурлаар түүнийг эрх баригч намаас төрийн тэргүүнд нэр дэвшүүлсэн аж.

Вьетнамын өмнөх Ерөнхийлөгч Нгуен Суан Фук өнгөрөгч нэгдүгээр сарын сүүлчээр өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. Тэрбээр 2016-2021 онд Ерөнхий сайдаар ажиллах хугацаанд эрх бүхий албан тушаалтнууд, тэр дундаа хоёр Шадар сайд, гурван сайд нь ёс зүйн зөрчил гаргаж, үүрэгт ажлаа хангалтгүй хийсний төлөө улс төрийн хариуцлага хүлээн, огцорч байгаагаа зарласан билээ.

Тухайн үед "Ковид-19" өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих аяны хүрээнд Нгуен Суан Фукийн Засгийн газрын сайд нар авлигын дуулианд холбогдож, зарим нь огцорсон бол хэд хэдэн албан тушаалтан эрүүгийн хэрэгт холбогдсон гэж хэвлэлүүдэд мэдээлжээ.

Нгуен Суан Фукийг огцорсны дараа шинэ Ерөнхийлөгч сонгогдох хүртэл тус улсын Дэд Ерөнхийлөгч Во Ти Ань Суан төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэж байсан юм. Вьетнамын Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгчийг парламентын гишүүдийн нууц шууд санал хураалтаар сонгодог байна.

Хуваалцах