“Бүс нутгийн энх тайван, хөгжилд залуучуудын оролцоо” 2021 төслийн уралдаан шилдгүүдээ тодрууллаа
Оюутан залуус, нийгэмд эерэг өөрчлөлт авчрах энтрепренеруудыг дэмжих Y4RP-2021 буюу “Бүс нутгийн энх тайван, хөгжилд залуучуудын оролцоо” 2021 төслийн уралдааны шалгаруулалт энэ сарын 6-ны өдөр боллоо.
Мэдээллийн алба

ОЮУТАН ЗАЛУУЧУУД БҮС НУТГИЙН ХЭМЖЭЭНД НИЙГМИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛУУДАД ШИНЭЛЭГ САНАА ЭРЭЛХИЙЛЖ БАЙНА
Оюутан залуус, нийгэмд эерэг өөрчлөлт авчрах энтрепренеруудыг дэмжих Y4RP-2021 буюу “Бүс нутгийн энх тайван, хөгжилд залуучуудын оролцоо” 2021 төслийн уралдааны шалгаруулалт энэ сарын 6-ны өдөр боллоо. Энэ жил уг уралдаанд 10 гаруй их дээд сургуулийн 35 баг, 105 оюутан өрсөлдсөнөөс МУИС, СЭЗИС-ийн хамтарсан “Bright B” баг I байр, “XYZ” баг II байр, СЭЗИС-ийн “Beta-18” баг III байранд шалгарсан байна.

Энэ удаагийн уралдаанд гудамжны халдлагаас хамгаалах зорилготой “Your Guardian” аппликейшн хөгжүүлэх төсөл I байр эзэлж, нэг сая төгрөг, өргөмжлөл, БНСУ-д болох Олон улсын форумд оролцох урилгаар, “Харааны бэрхшээлтэй иргэдэд уран зураг, галерейг аудио хэлбэрээр сонсгох “Сүүдэрт үлдсэн бүтээл” аппликейшн хөгжүүлэх төсөл II байрт шалгарч, 500 мянган төгрөг, өргөмжлөл, ургийн бичгийг цахимаар үүсгэх зорилготой “USP-Аглаген” аппликейшн хөгжүүлэх төсөл III байрт шалгарч 250 мянган төгрөг, өргөмжлөлөөр шагнуулсан байна.
Энэхүү төсөлт илтгэлийн уралдаан энэ жил 7 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Энэхүү уралдаан бүс нутгийн энх тайван, хөгжил дэвшилд залуусыг идэвхтэй оролцуулах, тэдний санал санаачилга, хүсэл мөрөөдлийг нийгэмд бодитоор хэрэгжихэд дэмжих зорилготой юм байна.

Энэ үеэр “Bright B” багийн гишүүд Б.Оюунбилиг, Б.Жаргалмаа, Э.Хоролсүрэн: “Манай төслийн онцлог нь гудамжны халдлагаас хамгаалахад чиглэсэн анхдагч гэдэг утгаараа шинэлэг болсон. Өөр ийм төрлийн төсөлтэй харьцуулахад манай апп илүү сэтгэлзүй тал руугаа, мөн нэрээ нууцлах функцтэй зэргээрээ онцлог. Бидний судалснаар Зүүн Хойд Азийн орнуудад гудамжны халдлага өндөр хувьтай байдаг юм байна лээ. Бид улс орнуудын цагдаагийн байгууллагын цахим хуудаснаас мэдээллийг олж нэгтгэхэд 5 хүн тутмын 4 нь гудамжны халдлагад ямар нэгэн байдлаар өртдөг нь ажиглагдсан. Үүнээс үзэхэд бүс нутгийн хэмжээнд хүн тайван аж төрөх, аюулгүй байх эрх зөрчигдөж байна. Энэхүү уралдаанд оролцсоноороо төсөл хэрхэн бичих вэ гэдгийг илүү цэгцтэй, дараалалтайгаар сурч авсан. Мөн Хурдасгуур хөтөлбөрийн хүрээнд маш олон менторуудтай танилцаж, тэдний туршлагаас суралцсан, багаар ажиллах чадварт суралцаж чадсан” гэв.

Харин “XYZ” багийн гишүүн Г.Баясгалан: “Харааны бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж байгаа нэг асуудлыг шийдвэрлэл чиглэлийг сонгосон. Тийм болохоор бидний хийх зүйл тодорхой байсан. Харааны бэрхшээлтэй тулгарч байгаа асуудал бол зөвхөн Монгол улсад биш Зүүн Хойд Азид тулгамдаж байгаа. Энэ бүс нутагт харааны бэрхшээлтэй 49сая гаруй хүн байна. энэ бол бүс нутгийн хэмжээнд орхигдож болохгүй сэдэв байсан нь манай төсөл шалгарах гол хүчин зүйл болсон болов уу. Төслийнхөө хүрээнд хийсэн судалгааны дүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж байгаа асуудал бүс нутгийн хэмжээнд харьцангуй гаагүй боловч, Монгол Улсад бол нэлээн хүнд байдаг юм байна гэдгийг маш сайн ойлгож авсан” гэсэн юм.
Дээрх төслийн уралдаан нь дотоодын их дээд сургууль, коллеж, ахлах сургууль болон гадаадын их сургуулиудын оюутан, залуучуудын дунд 2014оноос хойш жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж иржээ. Энэ хугацаанд Монголын их дээд болон ахлах сургуулийн оюутан залуус Зүүн Хойд Азийн энх тайван, аюулгүй байдалтай холбоотой төрөл бүрийн сэдэв, чиглэлээр үр дүнтэй санал санаачилгууд гаргасан байна. Энэ жил МУИС, ШУТИС, ХУИС, СЭЗИС, ХААИС, АШУҮИС, УБИС, МСҮТ болон бусад ахлах сургуулиуд энэхүү уралдаанд оролцжээ.7 дахь жилдээ болж байгаа энэхүү уралдааныг МУИС, ШУТИС, “Цэнхэр сүлд” ТББ, “Дэлхийн энхийн их наадам” ТББ, “Солонгосын нэгдлийг дэмжих Монголын форум”, “Зүүн хойд Азийн аюулгүй байдал, стратегийн судалгааны хүрээлэн”зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, судалгааны хүрээлэн, нийгэмлэгүүд хамтран зохион байгууллаа. Гурван үе шаттай болдог энэхүү уралдаан нь уламжлалын дагуу 30-45 хоногийн турш өрсөлдөөнтэй үргэлжилж, оюутан залуучуудыг чиглүүлэх олон салбарын менторуудын баг бүхий “Хурдасгуур” хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Зохион байгуулагчид тодорхой заагдсан сэдвүүдийг даалгавар болгож өгөхөөс илүү өөрсдөө сэдвээ сонгож хийх боломжийг оролцогч багуудад олгодог онцлогтой юм байна. Уралдааныг дүгнэхдээ үндэсний болон бүс нутгийн хөгжил, энх тайван, аюулгүй байдлын асуудалд мэдэгдэхүйц, тодорхой хувь нэмэр оруулах, үр дүнтэй хэрэгжих боломжтой төсөл боловсруулсан эсэхийг гол шалгуур болгосон байна. Уламжлал ёсоор олон улсын харилцаа, бүс нутгийн аюулгүй байдал, геополитикийн чиглэлийн мэргэжилтэн, нэр хүндтэй ахмад дипломатууд, салбарын тэргүүлэх эрдэмтэн судлаачдаас бүрдсэн 7 хүний бүрэлдэхүүнтэй шүүгчдийн баг тус уралдааныг шүүн, шилдэг төслүүдийг шалгаруулжээ.

Шүүгч ШУТИС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын эрхлэгч Доктор, Профессор Н.Галиймаа: “Анх энэ тэмцээнийг эхэлсэн цагаас шүүгч хийж байна. жилээс жилд оролцогч багуудын тоо эрс нэмэгдэж байгаа. Тэмцээний шалгуур улам нарийсаад энэ хэрээрээ оролцож байгаа оюутнуудын чансаа сайжирч байна. Мөн зохион байгуулагч талууд салбар салбараас менторууд урьж ирүүлж, оюутнуудад сургалт явуулж, лекц уншуулж байгаа нь тэмцээний үр дүнг маш их сайжруулж байна. Зүүнд хойд Азийн бүсэд багтдаг Монгол Улс өөрөө дотооддоо нийгмийн хувьд цэвэршиж, эдийн засгийн хувьд өсөж байвал энэ нь бүс нутагтаа оруулж буй маш том хувь нэмэр гэж үздэг. Ийм учраас тэмцээнд оролцсон бүх төсөл зөвхөн Монголд төдийгүй Зүүн Хойд Азийн хөгжил цэцэглэлт, энх тайванд хувь нэмрээ оруулж байна гэж үзэж байна” хэмээв.

Шүүгч АХБ-ны эксперт, “Хөгжлийн Шийдэл” ТББ-ын зөвлөх Э.Бат-Орших: “Оролцсон багууд нийгмийн бизнес загварыг гаргасан нь харагдаж байна. өөрөөр хэлбэл нийгэмд тулгамдаж байгаа асуудлуудыг арилжааны чиглэлээр мөн байгаль орчин, жендер, эдийн засаг талаас нь холбож, үүнийгээ төсөлдөө хэрхэн буулгасныг нь гол шалгуур болгосон. Зорилтот бүлэг нь юниверсал байсан. Зөвхөн Монгол гэлтгүй Ази Америк болон бусад бүс нутгийн хэмжээнд тулгамдаж байгаа асуудлуудыг харж гаргаж ирсэн нь харагдаж байсан. Өнөөгийн залуучууд өөрийн асуудлаас гадна бусдын асуудлыг тэдэнд юу дутагдаж байна, юу тулгарч байна вэ гэдгийг олж харахыг хичээсэн нь маш их таалагдлаа” гэсэн юм.

Шүүгч “Дэлхийн Энхийн Их Наадам” ТББ-ын тэргүүн, “Шинэ гудамж” төслийн санаачлагч Г.Ганбат: “Өмнөх жилүүдтэй харьцуулахад оролцсон багийн тоо хамгийн олон байна. Мөн багуудын шийдэл дэвшүүлсэн төслийн санаа нь давхцаагүй нь өвөрмөц онцлог боллоо. Багуудын гүйцэтгэл төсөөлснөөс хамаагүй сайн байлаа.Оюутнууд маань энэ эрчээрээ төслөө хэрэгжүүлээд явбал олон улсын хэмжээнд өрсөлдөх боломжтой харагдаж байна. Нийгэмд өөрчлөхөөр, шийдлээ хүлээж байгаа маш олон асуудал байна. бид өдөр бүр тэдгээрийг харж, мэдэрч, бухимдаж байдаг. Залуучууд маань тэдгээр асуудлыг шийдэхүйц шийдэл санааг гаргадаг, түүнийг нь дэмждэг байж гэмээнэ нийгэм хөгжинө” гэлээ.

Шүүгч МУИС-ийн Улс төр судлалын доктор, профессор Д.Бумдарь:“Уралдааныг 3 дугаар сард зарлахаас эхлээд гурван шатанд шүүсэн. I оюутнуудын төсөл хэр хөгжиж байна, II бодитоор хэрэгжих боломж байна уу, Цар тахалтай ийм үед төсөл бичээд хэрэгжүүлэх бололцоо нь хэр байна вэ гэдэг гол шалгуур тавилаа. Төслүүд шууд болон дам утгаар хэрэгжих төслүүд голлож орлоо. 2014 оноос хойш энэ уралдааныг шүүхэд хөгжлийн янз бүрийн хэв загварыг харж байна. Энэ жилийн хувьд цар тахлаас үүдээд залуусын цахим орчны хэрэглээ эрс хөгжиж, төслийн судалгааг өргөн хүрээнд цаг зарцуулж судалсан байна, өргөн цар хүрээг хамарсан төслүүд орж ирлээ” гэв.

Шүүгч “Бостон Чэмпионс” ХХК –ийн захирал Б.Бүүвэй:“Ментор шүүгчийн хувьд оролцож байгаагийн хувьд уралдааны түвшин, бүтэц орж ирж байгаа төслүүдийн хувьд чанарын ахиц гарсан байна. Энэ жилийн хувьд анх удаагаа Хурдасгуур хөтөлбөр хэрэгжүүллээ. Энэ бол оролцогчдын хувьд маш их өгөөжтэй болж, уралдаан урьд урьдынхаас илүү өргөжин тэллээ. Дэлхийн дулаарал, эрүүл мэндийн өнөөгийн байдал хүн төрөлхтөнд бид бусдаасаа хамааралгүй аж төрөх боломжгүй, хүний хүчин зүйл бусдадаа хамааралтай болсныг харуулж байна, энэ үүднээсээ орчин үед нийгмийн ач холбогдолгүй төслүүд гэж байхаа больсон байна” гэв.
Өмнөх уралдаанаас шалгарсан төслүүдийн хүрээнд Зүүн хойд Азийн залуу сэтгүүлчдийн сүлжээ, Нарны гэрлээр ажилладаг гэр хороолол \ Монголд \, Аюулд өртсөн үедээ цаг алдалгүй тусламж дуудах боломж бүхий жижиг төхөөрөмж, Бүс нутгийн цөлжилтийн эсрэг хамтарсан хөтөлбөр, ойжуулалтыг хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлж байна. Өмнөх уралдаанд шалгарсан багууд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж, Зүүн Хойд Ази болон Азийн бусад улс орнууд руу аялж, олон орны оюутан залуустай үзэл бодлоо хуваалцан, найзалж нөхөрлөхийн зэрэгцээ Монгол оюутан залуусаа төлөөлөн олон улсын арга хэмжээнд оролцож иржээ. Одоогийн байдлаар ялагч багуудаас 11 оюутан БНАСАУ, БНСУ, Энэтхэг, Филиппин зэрэг улсад олон улсын залуучуудын форумд оролцсон байна.


















