Бүтээн байгуулалт 70 гаруй хувьтай үргэлжилж байна
2019 онд Дорноговь аймагт улсын болон орон нутгийн төсвийн 100 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна.
Мэдээллийн алба

2019 онд Дорноговь аймагт улсын болон орон нутгийн төсвийн 100 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна. Бүтээн байгуулалтын ажлын явц 70 гаруй хувьтай үргэлжилж байна.
Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулахын тулд боловсрол, эрүүл мэндийн салбарын орчинг сайжруулахад онцгой анхаарч байна. Тиймээс аймгийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж Сайншанд суманд 320 хүүхдийн бага сургууль, 3, 4, 5-р багт Иргэдийн хөгжлийн төв, 3D кино театр, эмнэлэг, цэвэрлэх байгууламж зэрэг ажлууд хийгдэж тун удахгүй ашиглалтад орох гэж байна. Мөн Дорноговь аймгийн Замын-Үүд суманд БНХАУ-ын 75 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар боомтыг шинэчлэх ажил эхлэх шатандаа явж байна.
Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөл, амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор Сайншанд сумын хэд хэдэн орон сууцны гадна фасад, тоглоомын талбайг шинэчлэх ажлууд хийгдэж байна. Эдгээр ажлуудыг орон нутгийн компаниуд гүйцэтгэж байна. Жишээлбэл "Дэлгэр баясах зам" ХХК 2019 онд тохижилт үйлчилгээний ажлыг авч хугацаандаа хүлээлгэн өгчээ.
Дорноговь аймгийн Засаг даргын зүгээс баригдаж буй барилгын стандарт, норм нормативын дагуу чанарын өндөр гүйцэтгэлтэй, хугацаанд нь барьж ашиглалтад оруулахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон. Мөн дээрх бүтээн байгуулалтын ажлуудаас гадна Ханбаянзүрх хайрхан хүртэлх 6.8 км хатуу хучилттай авто замын ажлыг чанартай гүйцэтгэхийг холбогдох газруудад санууллаа.
З.Энхзул


















