Ч.Куланда: Б.Эрдэнэцогтыгоо эрүүл болохыг хүлээж байх болно
Эрдэнэцогт сэтгүүлчид бага ч гэсэн тусалмаар байна. Энэ салбарт ажиллаж байсан хүний хувьд ч тэр, хувь хүний хувьд ч тэр нэмэр болохсон. Би гадаадад байгаа болохоор хандивын тоглолт үзэж чадахгүй. Харин ойр дотно хүмүүстээ хандивын тоглолт үзээрэй гэж уриална, хэлнэ.
Мэдээллийн алба

Сэтгүүлч Баасанжаргалын Эрдэнэцогтод туслах гэсэн сайхан сэтгэлт хүмүүсийн хандивын аян орон даяар өрнөж байна. Интернэт орчинд болон гар утсаар түүнд хэрхэн яаж туслах вэ, хэдэн төгрөг хандивлах гэсэн юм, ямар нэгэн хандивын тоглолт болох уу, бид хамт олноороо тасалбар захиалъя, бие нь яаж байна гэх мэтээр сайхан сэтгэлт хүмүүс ажлын хэсэгтэй байнга холбогдож байна. Зарим нь өөрийн биеэр ирж уулзаж байна.
Юун түрүүнд үзэг нэгт сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн байгууллагынхан бүгд эрвийх дэрвийхээр хөдөлж, нэг өдрийн цалингаа хандивлаж эхлээд байна.
Харин гадаад улс орноос Б.Эрдэнэцогтын тухай сонссон нутаг нэгт монголчууд мөн олноороо холбогдож байгаа гэнэ. Тухайлбал, БСШУ-ны дэд сайд асан Ч.Куланда facebook-ээр “Эрдэнэцогт сэтгүүлчид бага ч гэсэн тусалмаар байна. Энэ салбарт ажиллаж байсан хүний хувьд ч тэр, хувь хүний хувьд ч тэр нэмэр болохсон. Би гадаадад байгаа болохоор хандивын тоглолт үзэж чадахгүй. Харин ойр дотно хүмүүстээ хандивын тоглолт үзээрэй гэж уриална, хэлнэ. Харин би дүүгээрээ дамжуулж жаахан хандив хүргүүлье. Сэтгэлийн дэм юм шүү. Найз нөхөртөө туслах гэсэн та нарын сайхан үйлс дэлгэрэх болтугай. Б.Эрдэнэцогтыгоо эрүүл болохыг хүлээж байх болно” хэмээн бичжээ.
Тэрээр 1990-ээд онд чөлөөт хэвлэл мэдээллийг хөгжүүлэх үйлсэд өөрийнхөө хувь нэмрийг оруулж явсан манай нэрт сэтгүүлчдийн нэг бөгөөд “Монгол Таймс” сонинг эрхлэн гаргаж байсан юм.


















