Ч.Одсүрэн: Говьд тариалсан жимсний ундаа хамгийн амттай
Улсын тэргүүний тариаланч, агрономич Ч.Одсүрэн говь нутгаа ногооруулах зорилготой мод үржүүлгийн “Их говийн төгөл” компани байгуулжээ.
Мэдээллийн алба

Улсын тэргүүний тариаланч, агрономич Ч.Одсүрэн говь нутгаа ногооруулах зорилготой мод үржүүлгийн “Их говийн төгөл” компани байгуулжээ. Харин 10 гаруй жилийн өмнө Булган сумын нутагт хоёр газарт чацарганы цэцэрлэг байгуулж, өнөөдөр ургуулсан чацарганаараа шүүс, ундаа хийдэг үйлдвэрийг Өмнөговь аймагт анх удаа байгуулаад байна. Говийн чацаргана өөрийн гэсэн содон амттай учраас “Говь чацаргана” гэдэг брэндийг бий болгожээ.

Тэрбээр "Говийн ургамал ногоог идсэн малын мах, сүү амттай байдаг шиг говийн хөрсөнд тарьсан жимс, тэр дундаа чацаргана илүү их зөөлөн, тослог, өвөрмөц амттай болдог юм. Одоо бид дахиад 50 га газарт олон төрлийн жимсний модтой цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар ажиллаж байна. Хашаагаа татчихсан, хөрсөө бэлдчихсэн байгаа. Их говь нутагтаа жимсний баянбүрд байгуулахаар зорьж байна" гэж ярилаа.
Өмнөговь аймаг, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Оюу толгой компани, Говийн оюу хөгжлийг дэмжих сан хамтран хэрэгжүүлсэн “Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг чадавхжуулах” хөтөлбөрт тэд хамрагджээ. “Говь чацаргана” брэндийг бүтээхэд нь дэмжлэг үзүүлж 15 сая төгрөгийг тус хөтөлбөрөөс олгож, энэ санхүүжилтээр тэд үйлдвэртээ жимс боловсруулах шинэ төхөөрөмж авчээ.

"Их говийн төгөл" ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Нарантуяа "Манай гэр бүл 30 гаруй жил мод тарьж байна. Говь нутгаа ойжуулж, ногооруулах мөрөөдөл маань өнөөдөр байгалийн цэвэр жимсний ундаа шүүсний үйлдвэр болоод өргөжөөд явж байна. Бид цаашдаа чацарганаас гадна төрөл бүрийн жимс ургуулж бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмдүүлэхээр зүтгэж байна. Биднийг ийм мөрөөдөлд хөтөлж зоригжуулсан Өмнөговь аймгийн “БИГ” төвийнхөндөө “Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг чадавхжуулах” хөтөлбөрийн хамт олонд, хэрэгжүүлэгч талуудад баярлалаа" гэсэн юм.

Өнгөрсөн зун ХБНГУ-ын Элчин сайд тус компанийн үйлдвэрт зочилж, чацарганы шүүсийг амталж үзээд үнэхээр амттай гэж үнэлсэн байна. Түүгээр ч зогсохгүй “Говь чацаргана” брэндийг Европын зах зээл гарахад бэлэн болсон байна гэж дүгнээд, хамтран ажиллаж, дэмжин туслахаа илэрхийлжээ.


















