Ч.Сайханбилэг: Яам, тамгынхан өнөөдрөөс ханцуй шамлан ажилдаа орцгоо
Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн УИХ-ын индрээс хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Мэдээллийн алба

Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн УИХ-ын индрээс хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
"Бид орон сууцны моргэйжийг амжилттай хэрэгжүүлж байна. Одоо бизнесийн моргэйжээ хөгжүүлэх цаг болсон. Хоёр толгойн тухай бид олон жил ярьлаа. Одоо ахин стратегийн ач холбогдолтой 2-3 ордтой болох ёстой. Мөн “Талын зам” төсөл үргэлжилнэ.
Хувьчлалын дараах төрийн өмчүүдээ нэгтгэн, Сингапурын “Тимасек”-ийн тогтолцоонд шилжиж, хувь хувьцаан дээр нь суурилсан шинэ баялгийн сан байгуулна. Ингэж ард иргэдээ хөгжүүлэх нь манай хөгжлийн зөв зам байх болно. Төрий өмчийг эзэнгүйжүүлэх ажил зөвхөн бизнесийн салбараар хязгаарлагдах учиргүй. Хувьчлалыг нийгмийн салбарт эхлүүлж, үйлчилгээнд нь компанийн засаглалын шинжийг эхлүүлэх том шинэчлэлийг бид эхлүүлнэ. Биднийг 2017 оноос зөвхөн бондын төлбөр хүлээгээгүй. Нийгмийн даатгалын сан дээрх өр төлбөр 2017 оноос өөрийгөө мэдрүүлж эхэлнэ. Иймд нийгмийн даатгалын санг шинэ зохион байгуулалтад оруулах, Скандинав, Чилийн туршлагаар менежментийг нь өөрчилснөөр хөрөнгө оруулалтын сангийн шинэ төрхөнд оруулна. Ингэснээр 2017 оноос бондын өрнөөс гадна нийгмийн даатгал гэсэн дараагийн нуман тулгуураас бид одооноос гарах юм.
Эрхэм гишүүд ээ, Уинстон Черчиль Дэлхийн хоёрдугаар дайнаас өмнөхөн Английн ард түмэнд хандан, хөлс, цус, нулимс гурвыг л амлаж чадах нь гэж хэлж байсан. Үүнтэй нэгэн адил энэ хямралаас бид ойлголцол, шийдэл, зүтгэл гурваар гарч чадна. Засгийн газар үнэхээр зовлонтой шийдвэрүүд гаргахаас өөр аргагүй болно. УИХ ч улс орноо бодож, улс төрөө хойш тавьж, биднийг дэмжээрэй гэж та бүхнээс хүсье.
Зарим хүмүүсийн ярьдагчлан бид шийдвэр гаргалтын хомсдолд ороод байна. Засаг солигдох хоёр долоо хоногт хэвлэл мэдээлэл болон сошиал ертөнцөд жинхэнэ амралтын үе өрнөлөө. Нийгэм асар их талцлаа. Арай дэндүү улс төржлөө. Одоо ах дүү нараа амралтын улирал өндөрлөсөн. Хүнд хэцүү хямралаас гарах ажлын үе эхэлж байна. Бөхийн ямар ч засуул бие биеэ цоллохоо орхиж, ажил бизнес, ахуй амьдралаа татах ажилд орцгооё.
Хүн будах биш ажил бодох цаг ирлээ. Хувь хүн, хувийн хэвшил, төр засаг дор бүрнээ шамдацгаая. Цалгардаж болсон. Яам тамгынхан өнөөдрөөс ханцуй шамлан ажилдаа орцгоо. Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болно. Шинээр томилогдсон Ерөнхий сайдын хувьд одоо танхимаа бүрдүүлэх ажилдаа шууд орно. АН-ын ҮЗХ-ноос өгсөн чиг үүргийн дагуу бид парламентэд суудалтай бүх хүчинтэй шинэ Засгийн газар байгуулах асуудлаар ирэх өдрүүдэд зөвшилцөнө.
Нэг хэсэг нь эрх барьснаараа, нөгөө хэсэг нь хурц шүүмжилснээрээ рейтинг, нэр хүнд нь суга өсөөд байгаа юм хэнд нь ч алга. Харин улс төрийн намуудын энэ их талцалд гутарсан, итгэл алдарсан олны тоо л нэмэгдэх хандлагатай байна. Энд манай танай гэдэг эрх ашгаас илүүтэй даамжирч мэдэх хямралыг хэрхэн шийдэх, нөгөөтэйгүүр улс төрийн намуудаас илүү зохион байгуулалтын болон хүний нөөцийн олонлог, хариуцлагаа бүрэн ухамсарладаг өөр хүчтэй нэгдэл нийгэмд байхгүй гэдгийг нийгэмд ойлгуулах журамт үүрэг биднийг хүлээж байна. Энэ үүргээ бид олонх цөөнх болж, хагарах бутрах замаар бус, хамтарч нийлж зүтгэх замаар биелүүлнэ.
Бид 2008-2009 оны, одоогийнхоос хүнд санхүүгийн хямралыг энэ аргаар л даван туулсан. Монгол Улс гуравхан сая хүн амтай, 10-хан тэрбум ам.долларын эдийн засагтай улс. Бодлогын зөв өөрчлөлт, гацсан ганц хоёр асуудлыг байрнаас нь хөдөлгөлт дэмжсэн, урагшлуулсан хоёр гуравхан том төсөл бидний хямралт байдлыг эрс өөрчилнө. Тиймээс үүрэг хариуцлагаа ухамсарлая. Хэрэгтэй шийдвэрүүдээ зориг, зүрхтэй гаргацгаая. Өөдрөг байж, итгэл үнэмшлээ олж авцгаая. Хамгийн гол нь эв нэгдлйг эрхэмлэж, эх орноо бодъё. Хамтдаа зүтгэцгээе. Монгол орныг хөх тэнгэр нь мөнхөд ивээх болтугай"


















