Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Чихрийн шижин өвчний талаар шинэ нээлт хийлээ

Чимээгүй тахал гэгдэх болсон чихрийн шижин өвчинтэй холбоотой нэгэн шинэ нээлтийг эрдэмтэд хийжээ. Чихрийн шижин өвчний нийт тохиолдлын 10 орчим хувийг нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижин бүрдүүлдэг.

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чихрийн шижин өвчний талаар шинэ нээлт хийлээ
Чихрийн шижин өвчний талаар шинэ нээлт хийлээ. Зураг: МҮОНРТ

Чимээгүй тахал гэгдэх болсон чихрийн шижин өвчинтэй холбоотой нэгэн шинэ нээлтийг эрдэмтэд хийжээ. Чихрийн шижин өвчний нийт тохиолдлын 10 орчим хувийг нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижин бүрдүүлдэг. Тэгвэл сая хийсэн нээлтийн тусламжтай энэ өвчнөөс сэргийлэх, анагаах арга барилыг боловсруулах боломж нээгдэнэ гэж эрдэмтэд үзэж байна. Инсулины туйлын дутагдал гэгддэг нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижин нь бие махбодыг хамгаалах үүрэгтэй дархлалын тогтолцоо төөрөгдөлд орж, инсулин дааврыг ялгаруулах үүрэгтэй нойр булчирхайн эсүүд рүү довтолсноос үүсдэг.

Тэгвэл дархлалын тогтолцоо нойр булчирхайн эсрэг ялгаруулдаг 5 дахь эсрэг биет хаана довтолдгийг эрдэмтэд тодорхойлжээ. Өмнө нь хийгдэж байсан судалгаагаар нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижинтэй өвчтөний дархлалын тогтолцоо нойр булчирхайн эсрэг 5 төрлийн эсрэг биет үүсгэдэг нь тогтоогдсон ч, эдгээр эсрэг биет хаашаа довтолдгийг тодруулан нэрлэхэд амаргүй байсан.

Эрдэмтэд дөрвөн эсрэг биетийн зориулалтыг тогтоосон боловч 5 дахийг нь илрүүлэх судалгаа 20 жил орчим хугацаанд үр дүнгүй үргэлжилсэн юм. Харин Линкольний их сургуулийн судлаачдын баг эсрэг биетүүдийн довтолдог байг бүрэн тогтоох сүүлийн оньс нь тетраспанин-7 гэх уураг болохыг илрүүлжээ. Энэхүү нээлтийн тусламжтайгаар нойр булчирхайн эсүүд рүү довтолдог эсрэг биетүүдийг зогсоох боломжтой гэж эрдэмтэд үзэж байна. Нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижингээр ямар ч насанд өвчлөх боломжтой ч ихэвчлэн 40-өөс доош насныхан, тэр дундаа бага насны хүүхдүүдэд элбэг тохиолддог. Харин хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин амьдралын буруу хэв маягаас шалтгаалан үүсдэг гэж эрдэмтэд үздэг юм.

Хуваалцах