Чилийн 2 хотод онц байдал тогтоолоо
Чилийн эрх баригчид дахиад 2 хотод онц байдал зарлаад байна. Антофагаст, Вальдив хотуудад сүүлийн өдрүүдэд төрийн байгууллагууд, хувийн өмчид ихээр халдаж үймээн дэгдээж байгаатай
Мэдээллийн алба

Чилийн эрх баригчид дахиад 2 хотод онц байдал зарлаад байна. Антофагаст, Вальдив хотуудад сүүлийн өдрүүдэд төрийн байгууллагууд, хувийн өмчид ихээр халдаж үймээн дэгдээж байгаатай холбоотойгоор ийм арга хэмжээ авах болсноо эрх баригчид тайлбарласан байна.
Үүний өмнө тус улсын эрх баригчид нийслэл Сантьяго хотод эсэргүүцлийн жагсаалаас болж үймээн эмх замбараагүй байдал гарч байгаатай холбоотойгоор хөл хорио тогтоохоор шийдвэрлээд байсан юм. Сүүлийн мэдээгээр нийслэлд өрнөсөн эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр гарсан үймээнээс болж 10 хүн амь насаа алдаад байна. Энэ тухай нийслэлийн бүс нутгийн захирагч КарлаРубилар мэдэгдсэнийг орон нутгийн хэвлэлүүд дамжуулж байна.
Энэ хооронд Чилийн парламентын гишүүд гүйцэтгэх засаглалд метроны тасалбарын үнийг нэмэх шийдвэрээ хүчингүй болгохыг зөвшөөрсөн хуулийн төслийг баталсан байна. Засгийн газар метроны тасалбарын үнийг нэмснээс болж олон нийт эсэргүүцэн жагсч улмаар энэ жагсаал газар авч үймээн болон хувирсан юм.


















