“Чингис хаан” одонг Г.Ариунбаатарт хүртээнэ
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх,
Мэдээллийн алба

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай билээ.
Энэ жилийн хувьд тус одонг Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Ганбаатарын Ариунбаатарт хүртээхээр болсон.
Г.Ариунбаатар нь Төв аймгийн Баян-Өнжүүл суманд 1988 онд төрсөн. Тэрээр Зуунмод хотын Хүмүүн цогцолбор сургуулийг 2005 онд, Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуулийг Дуурийн дуулаач мэргэжлээр 2009 онд төгссөн. Тэрээр Цагдаагийн “Сүлд” чуулга, Оросын Холбооны Улсын Санкт-Петербург хотын Мариинский театрт болон Буриадын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын гоцлол дуучнаар ажиллаж байна.
Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар нь М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуулаачдын XXIV уралдааны I байр, Шилдэг баритон дуучны шагнал; Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын III уралдааны I байр; Олон улсын дуулаачдын Байгал II уралдааны тэргүүн байрын шагнал; П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны I байр, Гран при шагналыг тус тус хүртсэн билээ.
Тэрээр хүн төрөлхтний оюуны соёлын шилдэг өв, сонгодог урлагт цахиур хагалж, бахархам олон амжилт гарган, Монгол Улсынхаа нэрийг даян дэлхийд цуурайтуулж яваа өнөө цагийн шилдэг уран бүтээлч юм.
Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг маргааш буюу Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрөөр гардуулна.


















