Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Чөлөөт бүсэд үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийг газрын төлбөрөөс чөлөөлөхийг дэмжсэнгүй

Өнөөдөр Эдийн засгийн байнгын хороо хуралдаж Чөлөөт бүсийн тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чөлөөт бүсэд үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийг газрын төлбөрөөс чөлөөлөхийг дэмжсэнгүй
Чөлөөт бүсэд үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийг газрын төлбөрөөс чөлөөлөхийг дэмжсэнгүй. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Эдийн засгийн байнгын хороо хуралдаж Чөлөөт бүсийн тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг хийсний дараа хуулийн төслүүдийн талаарх ажлын хэсгийн саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан юм.

Санал хураалтын явцад гишүүд, хуулийн төсөлд “Чөлөөт бүсэд худалдаалж байгаа стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүн үндэсний эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж болзошгүй тохиолдолд тухайн бүтээгдэхүүнд Засгийн газраас хязгаарлалт тогтоож болно” гэсэн заалт нэмэх нь тийм ч оновчтой биш санаа гэж үзсэн тул ажлын хэсэг уг саналаа татан авсан.

Чөлөөт бүсэд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг 60 хүртэл жилийн хугацаатай олгох бөгөөд түүнийг нэг удаа 40 хүртэл жилээр сунгаж болохоор тусгасан заалт олонхийн дэмжлэг авсан юм. Харин чөлөөт бүсэд үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгжийг үйлдвэрлэл эхэлсэн өдрөөс эхлэн чөлөөт бүсэд эзэмшиж, ашиглаж байгаа газрын төлбөрөөс 100 хувиар чөлөөлнө гэсэн заалт дэмжлэг авсангүй. Түүнчлэн “Энэ хуулийн 19.1-д заасан орлогын тодорхой хувийг чөлөөт бүсийг хөгжүүлэх, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг түргэтгэх, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх зорилгоор ашиглана”, “Чөлөөт бүс дэх төрийн үйлчилгээ нь худалдаа, татварын харилцаа, бизнес, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх цахим нэг цонхны үйлчилгээнд суурилна” зэрэг саналууд гишүүдийн дэмжлэгийг авсан юм. Гишүүд чөлөөт бүсэд визгүй зорчих асуудал, мөн бүсэд төлбөрт таавар, бооцоот тоглоомын төрлийн үйл ажиллагаа явуулах асуудал, чөлөөт бүсийн харуул хамгаалалтын үүргийг ямар байгууллага гүйцэтгэх талаар нэлээд нухацтай ярилцсан. Ийнхүү хэлэлцэн санал хураалт явуулж дууссан байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Хуваалцах