Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Чөлөөт бүсийн тухай хуулийн төслийг дэмжлээ

УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Чөлөөт бүсийн тухай хуулийн төслийг дэмжлээ
Чөлөөт бүсийн тухай хуулийн төслийг дэмжлээ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг танилцуулсан юм.

УИХ-аас “Монгол Улсад эдийн засгийн чөлөөт бүс байгуулах үзэл баримтлал”-ыг 1995 онд, "Чөлөөт бүсийн тухай" хууль болон "Алтанбулаг" худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хуулийг 2002 онд, "Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хууль болон "Цагааннуур" худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хуулийг 2003 онд батлан гаргаснаас хойш 10 гаруй жил өнгөрөөд байна. Энэ хугацаанд чөлөөт бүсүүдийг байгуулах зорилгоор Чөлөөт бүсүүдийн Захирагчийн ажлын албаны бүтэц, орон тоог Засгийн газраас баталж, түүний хэвийн үйл ажиллагааг явуулахад улсын төсвөөс 6.9 тэрбум төгрөг зарцуулжээ. Мөн улсын төсвөөс 31.7 тэрбум төгрөг, гадаадын хөнгөлөлттэй зээлээс 31.3 сая ам. доллар зарцуулж, чөлөөт бүсийн дэд бүтцийн зураг төсөв, төлөвлөлт, барилга байгууламжийн зарим ажлуудыг хийж байгаа боловч хөрөнгө оруулалтын үр ашиг хангалтгүй байгаа аж.

Харин одоогоор чөлөөт бүсүүдэд хөрөнгө оруулалт хийхээр гадаад, дотоодын 86 аж ахуйн нэгж бүртгүүлснээс гурван аж ахуйн нэгж бодит хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагаа эхлүүлэх бэлтгэлээ хангаад байгаа юм байна. Гэвч цаашид чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх, худалдааны урсгалыг бий болгох, чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хил орчмын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх үүднээс олон улсын худалдаа, эдийн засгийн харилцаанд гарч буй өөрчлөлт, шинэчлэлт, чөлөөт бүсийн хөгжлийн орчин үеийн чиг хандлага болон манай улсын онцлог, эрх ашигт нийцүүлэн чөлөөт бүсийн хууль, эрх зүйн орчныг дахин өөрчлөх шаардлага гарч байгааг харгалзан Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсныг төсөл санаачлагч хэллээ.

Нийтдээ есөн бүлэгтэй энэхүү хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд өмнө нь чөлөөт бүсийг хэлбэрээр нь ангилдаг байсан заалтыг өөрчилж, чөлөөт бүсийг хилийн боомт болон Засгийн газрын санал болгосон тусгай бүс нутагт байгуулж хөгжүүлэх, хил дамнасан чөлөөт бүсийн эрх зүйн орчинг бүрдүүлэх, удирдлага, менежментийн тогтолцоог нь боловсронгуй болгож, чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх, үүргийг хуульчлах, чөлөөт бүсийн Захирагчийн эрх хэмжээг нэмэгдүүлэх, бүсийн татвар, гааль, шалган нэвтрүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг зохицуулах зэрэг үйл ажиллагааны тусгай дэглэмийг хуульчилж зохицуулахаар тусгасан байна.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан төслийг хэлэлцэх эсэх талаар байр сууриа илэрхийллээ. Ингээд байнгын хорооны саналаар Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжсэнээр төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв.

Хуваалцах