Д.Алтанхуяг: “Буянт-Ухаа 2” хорооллын үлдсэн барилгуудын дулааныг шийдэж чадвал ирэх хавраас бүрэн ашиглалтад орно
Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдаж буй “Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллын захиалга өнгөрөгч сард эхэлсэн. Захиалгын явц ямар байгааг Төрийн орон сууцны корпорацийн тэргүүн дэд захирал Д.Алтанхуягаас тодрууллаа.
Мэдээллийн алба

Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдаж буй “Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллын захиалга өнгөрөгч сард эхэлсэн. Захиалгын явц ямар байгааг Төрийн орон сууцны корпорацийн тэргүүн дэд захирал Д.Алтанхуягаас тодрууллаа.
-“Буянт-Ухаа 2” хорооллын орон сууцны борлуулалтын ажил хэрхэн явагдаж байна вэ?
-“Буянт-Ухаа 2” хороололд орох гэсэн иргэдийн сонирхол их, захиалга өндөр байгаа нь бидний ажил сайн явж байгаагийн илрэл гэж үзэж байна. Өнгөрөгч онд “Буянт-Ухаа 1” хорооллын борлуулалтыг хийхдээ бид тодорхой нөхцөл тавьж байсан. Нөхцөлийн дагуу 9000 гаруй хүн бүртгүүлснээс 5000 гаруй нь манай шаардлагыг хангаж, 1764 айл сугалаагаар орон сууцанд орж байсан. Энэ удаад бид сугалаанд үлдсэн буюу 4395 хүнийг “Буянт-Ухаа 2” хороололд давуу эрхтэйгээр бүртгүүлэх боломж олгосон. Дээр нь төрийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудад тодорхой квотын дагуу байр хуваариллаа. Мөн жижиг, дунд бизнес эрхэлдэг нийгмийн зорилтот бүлэгт багтдаггүй иргэдэд боломж олгосны дагуу иргэд бүртгэлээ хийлгээд байна.
-Иргэд яагаад “Буянт-Ухаа 2” хорооллыг сонирхоод байна вэ, ямар давуу тал байна?
-Манайхаас байр захиалах журам бусад орон сууцтай адилхан нийтлэг. Эхлээд урьдчилгаа 10 хувиа төлнө. Дараа нь Засгийн газраас баталгаа гаргасан 20 хувийн хөнгөлөлтийн шаардлага хангасан иргэд 8 хувийн ипотекийн зээлд хамрагдаад явах юм. Мөн энэ удаад бэлэн мөнгөтэй иргэд заавал ипотекийн зээлд хамагдахгүйгээр төлбөрөө төлөөд байраа авах боломжийг нээж өгсөн. Иргэд “Буянт-Ухаа 2” хороололд орох сонирхол өндөр байгаа нь төлөвлөлттэй холбоотой. Үнэнийг хэлэхэд, 1990 оноос хойш төрийн хэмжээнд орон сууцны бодлого орхигдсон гэдгийг нийслэлчүүд мэднэ. ТОСК-ийн зүгээс орон сууцыг төрийн бодлогын хэмжээнд цогцоор нь төлөвлөж буйгаараа давуу болж байгаа юм. Бид гадна тохижилт, зам талбай бусад нийгмийн дэд бүтцүүд болох үйлчилгээ, эмнэлэг, сургууль, цэцэрлэг гээд цогцоор нь төлөвлөсөн нь иргэдийн таашаалд нийцэж байна. Нөгөө талаар манайх барилгынхаа чанар стандартад өндөр шаардлага тавьдаг. Монголын барилгын салбарын шилдэг нэгдэл Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпораци бүрэн цутгамал технологиор барьсан. “Буянт-Ухаа 1” хорооллын бетоныг 250 маркаар барьсан бол “Буянт-Ухаа 2” хорооллын бетоны чанарыг нэмэгдүүлж 350 марк болгосон. Ингэснээр газар хөдлөлтийн болон чанар, насжилт сайжирсан. Дээр нь мэдээж “Буянт-Ухаа 2” хороолол маань эрүүл тэгш тал дээр барьсан, хөрс, агаарын бохирдолгүй гэдгээрээ онцлог.
-“Буянт-Ухаа 2” хороололд орохыг хүссэн хүмүүст төлбөрийн ямар нөхцөл тавьж байгаа вэ?
-“Буянт-Ухаа 1” дээр эхлээд бүртгэлээ хийгээд, тухайн байрыг сонирхсон иргэдийнх нь дунд сугалаа явуулсан бол энэ жил урьдчилгаа 10 хувиа өгсөн иргэдийн байрыг баталгаажуулсан. Ингэснээр иргэд байрыг улсын комисс хүлээж авахаас өмнө банкны шалгуураа хөөцөлдөх давуу боломж үүсч байгаа. Үнэхээр иргэдийн дунд орон сууцны хэрэгцээ байгаа нь үнэн. Харин хэрэгцээгээ хангах санхүүгийн чадавхи сул байна. Тэгвэл ТОСК иргэдийг орон сууцтай болох маш тааламжтай нөхцөл олгож байгаагаараа давуу.
Ер нь манай орон сууцыг сонирхож байгаа хүмүүсийг аль болох олноор хамруулах үүднээс бид ажиллаж байгаа. “Буянт-Ухаа 2” хорооллын нэгдүгээр хэсэг 48 барилгын ажлыг бид 2014 онд эхлүүлсэн.
Төлөвлөгөөний дагуу эхний 22 барилгыг ашиглалтад өгөх байсан. Гэтэл бид найман барилга нэмээд эхний 30 барилгыг ашиглалтад өгөх гэж байна. Бүр үлдсэн 18 барилгыг энэ өвөлдөө ашиглалтад өгөх боломж ч харагдаж байгаа. Ганцхан хүндрэлтэй зүйл байгаа нь инженерийн шугам сүлжээний хүчин чадлыг өргөтгөх ажил. Гэхдээ бид бүх зүйлийг төр хийх ёстой гэж хүлээж суулгүйгээр өөрсдийн нөөц боломжоо судалж үзээд гадна инженерийн шугам сүлжээний ажлыг санхүүжүүлээд хийх арга замыг сонгон ажиллаж байна. Ингэснээр үлдсэн 18 барилгадаа дулаан авах боломжтой болно.
-Гол нь байр маань хугацаандаа ашиглалтад орох уу. Иргэд байрны захиалгад орох гэж дараалалд зогсож, мөн ипотекийн зээлд хамрагдах гэж банкны шалгуур давахаар мөнгөө цуглуулж байгаа шүү дээ?
-Эхний 30 барилгаа хугацаандаа өгнө. Харин үлдсэн 18 барилгынхаа дулааныг шийдэж чадвал өвөл заслалын ажлаа хийгээд хавар хүлээлгэн өгөх боломжтой болох юм. Хавар ч гэлтгүй заслалын ажил 60-75 хоногт хийгддэг болохоор магадгүй цагаан сараас өмнө ч хүлээлгэн өгөх боломж бий.


















