Д.Батцогт: Хөгжлийн зам ашиглалтад орлоо
Ховд аймгийн Алтай сумаас Манхан сум чиглэлийн 214.1 км хатуу хучилттай авто замыг өнгөрсөн амралтын өдөр ашиглалтад хүлээлгэн өглөө.
Мэдээллийн алба

Ховд аймгийн Алтай сумаас Манхан сум чиглэлийн 214.1 км хатуу хучилттай авто замыг өнгөрсөн амралтын өдөр ашиглалтад хүлээлгэн өглөө. Улсын нэгдсэн төсвийн хөрөнгө оруулалт, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй баруун бүсийн босоо тэнхлэгийн Авто замыг хөгжүүлэх төслийн хүрээнд дээрх авто замыг барих ажил 2011 оны гуравдугаар сарын 1-нд эхэлж, 2015 оны аравдугаар сарын 31-нд байнгын ашиглалтад орж байгаа юм. Авто замыг хүлээн авах ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт нар оролцлоо.
Энэхүү хатуу хучилттай авто зам нь Алтайн нурууг давж, Хавчигийн хавцал болон Бодончийн хавцал, Ботгоны амыг дайран өнгөрөхдөө байгалийн эрс тэс уур амьсгалтай газар зүйн онцгой тогтоцтой уулархаг өндөрлөг хязгаарлагдмал орон зайд баригдсан инженерийн хийц орсон хиймэл байгууламжтай дэд бүтцийн том бүтээн байгуулалт болсон юм. Төслийн барилгын ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Чайна Жиангсу Жианда” констракшн, авто замын барилгын ажлын хяналт, зөвлөх үйлчилгээг “Кореа консалтантс интернэйшнэл” компани, түншлэлээр “ХЗТ” болон туслан гүйцэтгэгчээр “Соёмбот зам” ХХК ажилласан байна.
Авто замын барилгын ажлаар нийт 137.8 м2 хэмжээтэй авто машины зогсоол бүхий 2 амрах талбай, 217.1м2 хэмжээ бүхий 5 хажуугийн зогсоол, 6 уулзвар, 13 замын гарц, 374 цэгт замын усыг зайлуулах хоолой, гол усны урсацтай уулын хавчигдсан хязгаарлагдмал орчинд замын эргэлт хэсэгт инженерийн нарийн төлөвлөлт бүхий 45-120 метрийн урттай 14 төмөр бетон гүүр, 14 км-т голын голдрилыг залж үерээс хамгаалах далангийн хажуугийн чулуун бэхэлгээ, 89.3 км-т хажуугийн шуудууны бетон бэхэлгээ, 4.2 км-т уулын чулууны нурангаас хамгаалах ган торон хашлага, 63.8 км-т хамгаалалтын туузан төмөр хашлага, 1310 метр уртад үерийн ус, халиа дошингоос хамгаалсан төмөр бетон хана, 1.850 метр уртад уулын хөрш шорооны нурангиас хамгаалах хамгаалалтын төмөр бетонон хана, булгийн усны ундаргыг хамгаалж, газар доорх усны урсац хангах хоолой ус хураах усан сан бүхий 310 метр урттай хиймэл байгууламж зэрэг цогц байгууламжтай аж.
Төслийн хүрээнд Манхан сумын төвийг 5 км хатуу хучилттай авто замаар тус улсын олон улсын чанартай замтай холбон Манхан сумын төвд 1.2 км хатуу хучилттай авто зам, Мөст сумын төвд 1 км хатуу хучилттай авто зам, Алтай сумын төвд 2.5 км хатуу хучилттай замууд баригджээ.
Төслийн өгөөжийг орон нутгийн иргэдэд хүртээмжтэй хүргэх зорилгоор авто замын барилгын ажилд ашигласан импортын бараа материалын тээвэрлэлтийг нутгийнхаар гүйцэтгүүлж, давхардсан тоогоор 700 гаруй иргэнийг ажлын байраар хангасан байна.


















