Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Д.Дашмаа: “Бороо Гоулд” одоо шинэ халаадаа өмсөөд, ширээнийхээ бүтээлгийг дэвссэн байгаа

Дэлхийн соёлын өв болох Хүннүгийн хаад ноёдын онгон байрлаж буй Гацууртын ордыг эзэмших гэсэн Канадын “Сентерра гоулд” компанийн оролдлого олныг хамарсан томоохон эсэргүүцэлтэй тулгараад байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 7 минут
Д.Дашмаа: “Бороо Гоулд” одоо шинэ халаадаа өмсөөд, ширээнийхээ бүтээлгийг дэвссэн байгаа
Д.Дашмаа: “Бороо Гоулд” одоо шинэ халаадаа өмсөөд, ширээнийхээ бүтээлгийг дэвссэн байгаа. Зураг: МҮОНРТ

Дэлхийн соёлын өв болох Хүннүгийн хаад ноёдын онгон байрлаж буй Гацууртын ордыг эзэмших гэсэн Канадын “Сентерра гоулд” компанийн оролдлого олныг хамарсан томоохон эсэргүүцэлтэй тулгараад байна. Үүнтэй зэрэгцэн гүрэн дамнасан энэхүү корпорацийн монголчууд төдийгүй дэлхийн улс орнуудаас нууцалсан олон ноцтой баримт ил болж эхэллээ. Харин яг одоо Монголын хууль хяналтын байгууллагууд "Бороо гоулд" компанийн Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь Бороогийн уурхайд гарсан осол, хүний амины хэргийг шалгаж байгаа мэдээг хүргэе. Тус компани энэхүү ордын алтыг авч, авдарыг нь хаяад Ноён уулын бүс дэх алт руу шунаж байгааг дурдая. Ингээд ослын үед амиа алдсан талийгаачийн төрсөн дүү Д.Дашмаатай ярилцлаа.

-Таны төрсөн ах Бороо гоулд компанийн уурхайд осолдож амиа алдсан харамсалтай явдал болжээ. Осол юунаас болж гарсан юм бэ?

-Энэ осол 2013 оны долдугаар сарын 3-нд гарсан. Орой 19 цагт ээлж солигдох үед болсон байдаг юм. Манай ах энэ компанид Хаягдлын далангийн мастераар ажиллаж байсан. "Бороо гоулд" компани үндсэн ордын алтаа авч дуусаад, үлдсэн алтаа авахын тул нуруулдан уусгах технологи хэрэглэж байсан үе. Хэрвээ хүмүүс санаж байгаа бол нэг хэсэг ямар ч уурхай нуруулдан уусгах технологи хэрэглэхийн тулд цианит натри хэрэглэнэ. Энэ бол байгаль орчинд ч хүн, мал, амьтанд ч хортой гэсэн маргаан дэгдэж байсныг. Энэ компани энэ дуулианыг намдсаны дараа нуруулдан уусгах технологи гэгчээ хэрэглэж, үндсэн ордын тодорхой хэсэгт үлдсэн алтыг шүүж авах ажлаа эхлүүлсэн. Энэ технологийг хэрэглэхийн тулд энгийнээр хэлбэл уурхайн эвдрэлд орсон хөрсийг орвонгоор нь эргүүлж, дахин шинэ далан байгуулдаг юм билээ.

Осол яг ингэж шинээр байгуулж байсан далан дээр гарсан. Тэр өдөр ээлж солигдсоны дараа манай ах руу хариуцсан хэсгийнх нь нэг эксковаторч яриад “ламп шатлаа, солих гэрэл байна уу” гэж хэлсэн юм билээ. Ингээд ах өөр нэг уулын мастертай далан дээр уулзаж, ламп аваад, цаашаа явж далан тойрч үзлэг хийхээр яваад осолдсон. Ослын газар очиход унаж явсан машин нь баруун талаараа тод мөр гаргаад 20 орчим метр яваад далангийн хавцал руу унасан байсан. Тухайн үед уурхайн ажилчид нь Танай ахын далан дээр уулзсан хүн нь энэ. Утасны дугаар нь энэ. Машины баруун урд дугуйны хий гарсан байна лээ. Осол тэрнээс болсон. Ослын дараа очиход амьд байсан гээд бүгдийг хэлж байсан.

-Осол гарч, хүний амь нас үрэгдээд нэг жил хагасын хугацаа өнгөрч. Гэтэл хэрэг өнөөдрийг хүртэл шалгагдаж дуусаагүй байгаа юм байна. Яагаад ингэж удаад байгаа юм бэ?

-Энэ талаар яривал хугацаа шаардана. Ерөнхийдөө бол ослын гэрч, хариуцах эзэд нь тодорхой хэрэг удаан шалгагдаж байгааг би Бороо гоулд компанитай холбоотой гэж үздэг. Уул уурхайн бүс, тэр тусмаа хаягдлын даланд гарсан, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаатай холбоотой хэргийг анх Мандал сумын мөрдөн байцаагч нь авто ослын хэргээр шалгасан. Хяналт тавьсан прокурор Золзаяа гэдэг эмэгтэй тэрий нь хүлээн зөвшөөрөөд сууж байх жишээтэй. Хэргийн газрын үзлэг дутуу хийгдсэн байгаа юм. Осол болсон далангийн өндөр, осолдсон машины гаргаж үлдээсэн тод мөрний уртын хэмжээ гэх мэтийг огт тэмдэглээгүй. Харин Сэлэнгэ аймгийн МХГ-ын шинжээчид энэ компанийг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зөрчсөн гэдгийг нотлоод мөн дүгнэлтэндээ “Бид мөрдөн байцаагчийн хийгээгүй хэмжилт бусад ажлыг хийлээ” гэж тэмдэглэсэн гээд бод. Энэ бол 2012 оны найман сард гарсан дүгнэлт. Дараа нь 2012 оны есдүгээр сард манай эгч прокурорт нь хандаад “Осолдсон машин хаана байна, эрх бүхий хүмүүсээр шинчээжийн дүгнэлт гаруулъя” гэхэд “Сэлэнгэ аймаг руу явуулсан” гээд хөдөлж өгөхгүй байсан. Гэтэл тэр машин нь Мандал сумын Цагдаагийн хэлтсийн Журмын хашаанд байж байсан. Баруун урд дугуйны хий гарсан. Ерөнхийдөө бол нуусан байгаа юм.

2013 оны 12 дугаар сар гэхэд энэ хэрэгт Сэлэнгэ аймгийн МХГ, МХЕГ-ын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны байцаагчид, Налайхын аврах анги, ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн дүгнэлт гаргасан. МХЕГ-ын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны байцаагчид гэхэд Сэлэнгэ аймгийн МХГ-ын шинжээчдийн дүгнэлттэй санал нэг байна гэсэн. Тэгсэн хэрнээ дүгнэлтийг цааш нь үргэлжлүүлэхдээ “Энэ бол уул уурхайн технологийн зам биш” бас “Хаягдлын далан мөн учраас технологийн зам мөн” гэх мэт сонин дүгнэлт гаргасан. Би боддог “Шинжээчид худал дүгнэлт гаргахгүй, ингэвэл Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээнэ гээд гарын үсэг өгдөг. Яагаад ингэж өөрсийнхөө дүгнэлтийг үгүйсгээ юм бол. Бороо гоулдынхан шинжээчдийг согтоож байгаад ийм юм бичүүлнэ гэж байх уу” гэж. Уншсан хүнд нэг ийм сэтгэгдэл төрнө.

-Та бол Бороо гоулд компанийг хэрэг шалгах ажиллагаанд нөлөө үзүүлсэн гэж хардаж байгаа юм байна. Үүнийг нотлох өөр баримт байна уу?

-Бороо гоулд ослын маргааш Үйлдвэрлэлийн ослын акт гаргасан байгаа юм. Энэ актад болохоор “Талийгаач нь нарны гялбаанд өртөж, хяналтаа алдсаны улмаас осолдсон” гэж тэмдэглэсэн. Машины дугуйны хий алдагдсан, даланд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах талаар авч хэрэгжүүлсэн юм байгаагүй гэдгээ бүгдийг нуусан. Тэд шинжээчийн дүгнэлт гарахаас өмнө энэ баримтуудыг нууж худлаа акт үйлдсэн. Худлаа баримт үйлдсэнийхээ төлөө Бороо гоулд хуулийн хариуцлага хүлээх ёстой. Дараа нь уурхайд гарсан ослоо автын осол болгож хэрэг үүсгүүлсэн. Мөн дээрх дурдсан согтуу хүний гэмээр дүгнэлт бас Налайхын аврах ангиас ирсэн он саргүй дүгнэлт гэх мэт ноцтой баримт байсаар байхад прокурор Золзаяа гэдэг хүүхэн энэ хэргийг яг нэг жилийн өмнө хэрэгсэхгүй болгосон. Энэ бол Бороо гоулд хэрэг шалгах явцад нөлөөлсөн гэдгийг харуулж байгаа хэрэг.

Төрийн ажлыг мөнгөний авдар болгож хардаггүй, ажлаа шударгаар хийдэг хүмүүс байна. Хуулийнхан шударга ажиллаж чаддаг юм байна гэдгийг бид өөрсдийн жишээн дээр үзэж л явна. Ганц залуугаа алдчихаад харамсаж яваа, ослын үнэн зөвийг олох ёстой гэсэн бидний хүсэлтийг тодорхой газрууд хянаж шалгаад үнэн зөвийг гаргаж байгаа. Жишээ нь энэ хэргийг 2013 оны гуравдугаар сард Сэлэнгэ аймгийн Прокурор сэргээн шалгах шийдвэр гаргасан. Бороо гоулдын нөлөөнд орчихоод мөрдөн байцаалтын ажлыг сайн дураараа шахуу зогсоочихоод байсан мөрдөн байцаагчийг сольж байцаалт урагшилсан. МХЕГ гэхэд гурав дахь шинжээчийн дүгнэлтийг өнгөрсөн оны тавдугаар сард гаргасан. Хачирхалтай нь одоо Бороо гоулд компани хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зөрчсөн гэдгийг нь нотлоод байгаа шинжээчдийн дүгнэлтийг үгүйсгээд дөрөв дэх дүгнэлтийг гаргуулна гэж зүтгэж эхэлсэн.

-Хэргийг яг одоо хаана шалгаж байгаа вэ?

-Бороо гоулдад холбогдох ослын хэрэг яг одоо УЕП-ын газарт хянагдаж байна. Оны эхээр ирсэн. Бороо гоулд дөрөв дэх шинжээчийн дүгнэлтийг гаргуулах юм байх. Осол болсон далан нь тухайн үед баригдаж байсан, аравдугаар сард ашиглалтад орох байгууламж байсан юм билээ. Одоо баригдаад дууссан. Ослоос хойш нэг жил хагасын хугацаанд энэ далан хүний хүчин зүйл, байгаль, цаг агаарын гээд олон нөлөөгөөр эвдрэлд орж, тухайн үеийн ул мөр арилж, өөрчлөгдсөн байгаа. Ийм газарт дахин шинжээч аваачиж дүгнэлт гаргуулах гэж улайрч байгаа хүмүүс аль хэдийнэ “Шинэ халаадаа өмсөөд, ширээнийхээ бүтээлгийг дэвссэн” байх. Бид бас судалж үзсэн л дээ. Ер нь бол эрүүгийн хэрэгт гурваас дээш удаа шинжээчийн дүгнэлт гаргаж байсан түүх байхгүй гэдэг юм билээ. Одоо энэ компанийн ийм арчаагүй, увайгүй аргыг мэдэхгүй хүн цөөн, автах хүн ч байхгүй болсон байх. Тодорхой шийдвэр гаргаж байгаа хүмүүс асуудлыг хянаад голтой шийдвэр гаргана гэж найдаж байгаа.

Хаашдаа л элэг өөр харийн хүний талаар бол яриад яахав. Би энэ компанийн удирдлагад ажилладаг монголчуудыг ойлгодоггүй. Энэ чинь цөөхөн монголын нэг, хүний халуун амь нас шүү дээ. Залуухан, эрч хүчтэй, хийж бүтээх насны нэг монгол залуу өөрсдийнх нь эрхэлж байгаа уурхайд, аюулгүй ажиллагаа алдагдсанаас бол амь насаа алдсан байхад ослыг гарсан өдрөөс нь эхэлж хэрэгсэхгүй болгох муу арга сэдэж, өөрсдийгөө зөвтгөх гээд гээд гүйж л байдаг. Яасан ч хүн чанаргүй, арчаагүй, өрөвдөлтэй хүмүүс байдаг юм. Бид хэрэг шалгаж дууссаны дараа энэ хэргийн баримтыг Бороо гоулд хэнээс хэрхэн нууж, хэнээр юу хийлгэх гэж оролдсон талаарх илүү олон баримт, баримтын зөрүүг олон нийтэд дэлгэж, шаардлагатай байгууллагуудад хандана.

Б.Энэрэл

Хуваалцах