Д.Дашнамжил шилдэг 16-д багтлаа
Гомбодоржийн Ган-Эрдэнэ Их Британийн Адам Рэвенскрофт-д 143:146 (27:30, 29:30, 28:28,29:30,30:28) оноогоор, Ганбаатарын Ганзориг Гватемалагийн Хулио Барильяс 130:148 (29:30,29:30,25:29,28:30,19:29) оноогоор, Лхамжавын Отгонбаяр Канадын Эндрью Фаганд 138:147 (27:30,27:30,29:29,28:28,27:30) оноогоор т
Мэдээллийн алба

АНУ-ын Өмнөд Дакота мужийн Янктон хотноо болж буй байт харвааны 51 дэх удаагийн ДАШТ-ий гурав дахь өдөр өчигдөр болж, компаунд болон рекурв төрлийн хувийн харвааны хасагдах шат явагдлаа.
Компаунд:
Эрэгтэй хувийн харваанд манай гурван харваач оролцож, бүгд эхний даваанд ялагдлаа.
Гомбодоржийн Ган-Эрдэнэ Их Британийн Адам Рэвенскрофт-д 143:146 (27:30, 29:30, 28:28,29:30,30:28) оноогоор, Ганбаатарын Ганзориг Гватемалагийн Хулио Барильяс 130:148 (29:30,29:30,25:29,28:30,19:29) оноогоор, Лхамжавын Отгонбаяр Канадын Эндрью Фаганд 138:147 (27:30,27:30,29:29,28:28,27:30) оноогоор тус тус хожигдсон.
Энэ төрөлд мөн манай хоёр эмэгтэй харваач цэц сорьсон.
Эхний даваанд Санжийн Болорсайхан Германы Жулиа Бёнкед 122:140 (26:28,23:29,27:27,22:29,24:27) оноогоор хожигдсон.
Мөн эхний даваанд Батжаргалын Мөнгөнчимэг Мексикийн харваач, 2014 оны танхимын ДАШТ-ий багийн алтан медальт Бренда Меринотой цэц сорьж, ганцхан оноогоор буюу 139:140 (28:28, 26:27,30:28,27:27,28:30) ялагдлаа. Манай харваач гуравдахь сетэд гурван сумаа бүгд 10 онож, дөрөв дэх сетэд тэнцэн, сүүлийн сетийн өмнө 111:110 буюу нэг оноогоор илүү явсан ч тавдахь сетэд мексик харваач гурван сумаа 10-д онож, нийлбэр оноогоор хожлоо.
Рекурв:
Олимпын наадмын хөтөлбөрт багтдаг энэ төрөлд манай гурван эрэгтэй, нэг эмэгтэй харваач хувийн төрөлд сум тавилаа.
Эмэгтэйчүүдийн хувийн харваанд оролцсон Анхбаярын Отгонжаргал эхний даваанд Италийн Киара Ребалиатид 4:6 (23:21, 26:27,22:28,26:25,28:29) -оор хожигдов. Эхний дөрвөн сетийн дараа нийлбэр сетийн оноо 4:4 болж, шийдвэрлэх тавдугаар сетэд ганц оноогоор ялагдлаа.
Эрэгтэйчүүдээс Жанцангийн Гантөгс эхний даваанд Энэтхэгийн Адитя Чоудхарид 5:6 (29:27,29:27,24:28,25:29,27:27) оноогоор дийлдэв. Таван сетийн дараа хоёр харваачийн оноо 5:5 болж тэнцсэн тул товх харвахад дахин хоюулаа 9:9 онов. Ингээд хэмжилт хийн байны төвд (Х) илүү ойр оносон Энэтхэгийн тамирчин ялалт авлаа.
Энхтөрийн НАРМАНДАХ мөн эхний даваанд Финландын Антти Викстремд 0:6 (24:28,29:30,27:28) оноогоор гурван сетэд ялагдлаа.
Урьдчилсан харваанд 652 оноо авч хувийн амжилтаа шинэчлэн, 102 тамирчнаас 9-д эрэмбэлэгдсэн Доржсүрэнгийн Дашнамжил эхний даваанд гоц мөргөн, хоёрын даваанд Энэтхэгийн Атул Верматай цэц сорин 6:4 (26:24,27:27,28:26,27:28,27:27) оноогоор хожин шилдэг 16-д шалгарлаа.
Ингээд 1/8 буюу шөвгийн наймд үлдэхийн төлөө ОХУ-ын харваач, буриад хөвүүн Галсан Базаржаповтой цэц сорилоо.
Эхний хоёр сетэд манай харваач 28:27, 29:28 оноогооо илүүрхэж, 4:0-ээр хошуучилсан. Харин гурав, дөрөв дэх сетэд 25:29, 26:28 оноогоор дийлдэв. Нийлбэр оноо адилхан 4:4. Шийдвэрлэх тавдугаар сет.
Дашнамжил эхний сумаа 10-д зоолоо. Өрсөлдөгч нь 8 онолоо. Хоёр дахь сумаа манай харваач 9-д, Оросын харваач дахиад наймд. Энэ сетийн оноо 19:16 манайх илүү. Сүүлийн сумаа 8-д оноход л манай ялалт манайд ирнэ.
Юу вэ? манай харваач 4 онох нь тэр!!!!!
Буриад хөвүүн 9 оносноор энэ сетэд 25:23-аар хожин, нийлбэр дүнгээр 4:6-аар ялалт ОХУ-ын тамирчинд очлоо. Үнэхээрийн харамсаад барамгүй!!!
Гэхдээ “Янктон-2021” ДАШТ-д манай тамирчдаас хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь Д.Дашнамжил. Маш сайн харвалаа, гэхдээ түүнд бүүр их боломж байна. 23 настай залуу харваач маань хувийн төрөлд шилдэг 16-д, холимог багийн төрөлд А.Отгонжаргалын хамтаар шилдэг наймд шалгарсан билээ.
Ийнхүү энэ удаагийн ДАШТ манай тамирчдын хувьд дууслаа. Маргааш багийн, нөгөөдөр компаунд хувийн, бүтэн сайнд рекурв хувийн төрлийн медальтнууд тодорно.


















