Д.Дэлгэрцогт: Хил дамнасан, аюулгүй байдлыг хангасан шугамтай байна гэдэг чухал юм
БНХАУ-аас манай улсын аж ахуйн нэгж рүү татсан шугам байгаа юм. Нийтдээ 220 кВт-ын хоёр хэлхээтэй шугам. Монгол Улсын эрчим хүчний салбарын өмчлөлд авснаар энэ шугамыг экспортын журмаар ч ашиглаж болно. Ямар нэгэн байдлаар хил дамнах шугам учраас ач холбогдолтой.
Мэдээллийн алба

Гашуунсухайт боомтоос Оюутолгой хүртэлх 96 км цахилгаан дамжуулах шугамыг Оюутолгой компани өөрийн хөрөнгөөр барьж дуусган, улсад хүлээлгэн өгөх гэж байна. Үүнтэй холбогдуулан Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогтоос дараах асуултад хариулт авлаа.
-Цахилгаан дамжуулах энэ шугам манай улсад ямар ач холбогдолтой вэ?
-БНХАУ-аас манай улсын аж ахуйн нэгж рүү татсан шугам байгаа юм. Нийтдээ 220 кВт-ын хоёр хэлхээтэй шугам. Монгол Улсын эрчим хүчний салбарын өмчлөлд авснаар энэ шугамыг экспортын журмаар ч ашиглаж болно. Ямар нэгэн байдлаар хил дамнах шугам учраас ач холбогдолтой. Эрчим хүчний систем бол Оюутолгойд хүрчихсэн байгаа. Зүүн тийшээ Цагаан суваргын ордыг ашиглах чиглэлд бас цахилгаан дамжуулах шугам холбогдож байгаа. Тийм учраас говийг холбосон ийм битүү сүлжээ үүсч байгаа юм. 112 кВт-аас дээш чадалтай цахилгаан дамжуулах агаарын шугам Монгол Улсын төрийн өмчийн мэдэлд байх учиртай. Тиймээс байгуулсан гэрээний дагуу энэ шугамыг Оюутолгой тодорхой хугацаанд ашиглаад Монгол улсад үнэ төлбөргүй шилжүүлэх үүрэг хүлээсэн байгаа. Үүний дагуу бид өнөөдөр хүлээн авах гэж байна.
Оюутолгой компани цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээний арав гаруй хувийг импортоор авч байна гэсэн үг. Энэ шугам зөвхөн Оюутолгойг л тэжээж байгаа шугам. Энэ шугамыг хүлээж аваад Монголын өмчийн мэдэлд ирэхээр ер нь үйл ажиллагааг нь бүрэн хянах, зохицуулах боломжтой болно. Таван цахилгаан станц ашиглалтад ороод ирэхээр асуудлыг нэгдсэн системээр зохицуулах энэ үйл ажиллагаа зөв зохистой хэлбэрээр явах боломжтой.
-Нийт хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бэ?
-Урьдчилсан тооцоогоор бол Оюутолгой компанийн зүгээс нэлээн хөрөнгө зарсан гэж танилцуулж байгаа. Гэхдээ үүнийг гэрээ хэлцлийн шугамаар үнэ төлбөргүй авч байгаа боловч Монгол Улсын эрчим хүчний сүлжээнд авч байгаа учраас манай цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компани тодорхой үнэлгээ тогтоогоод хүлээж авна. Бланс дээрээ тусгана гэсэн шийдвэртэй байгаа.
-Тавантолгой станц ашиглалтад орсон нөхцөлд Тавантолгойд үйлдвэрлэгдсэн эрчим хүчийг урд хөрш рүү экспортлох гарц хэлбэрээр ашиглах боломж байгаа болов уу?
-Эхний ээлжинд хил дамнасан аюулгүй байдлыг хангасан ийм шугамтай байна гэдэг нь өөрөө их ач холбогдолтой. Ийм боломж нээлттэй байна гэсэн үг.
Б.Дулмаа


















