Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Д.Эрдэнэбаатар: Трансформаторын тос нь дөллөж шатаад, маш аюултай нөхцөл байдал үүссэн байсан

Онцгой байдлын газрын орлогч дарга Д.Эрдэнэбаатар мэдээлэл өглөө.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Эрдэнэбаатар: Трансформаторын тос нь дөллөж шатаад, маш аюултай нөхцөл байдал үүссэн байсан
Д.Эрдэнэбаатар: Трансформаторын тос нь дөллөж шатаад, маш аюултай нөхцөл байдал үүссэн байсан. Зураг: МҮОНРТ

Өчигдөр шөнө Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлалтай Дулаан түгээх III станцын трансформаторт гал гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл үүнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газрын орлогч дарга Д.Эрдэнэбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр “Тухайн үед трансформаторт засварын ажил хийж байсан юм билээ. Өөрөөр хэлбэл, хүчдэлд холбоогүй буюу үйл ажиллагаа хийгдээгүй байсан. Онцгой байдлын алба хаагчид дуудлага аваад долоон минутын дотор буюу 21:04 цагт анхны гал унтраах анги газар дээр нь очсон. Биднийг очиход трансформаторын тос нь дөллөж шатаад, маш аюултай нөхцөл байдал үүссэн байсан. Ийм төрлийн галыг усаар унтраадаггүй. Зөвхөн хөөсөөр унтраадаг учир нэмэлт хүч шаардлагатай байлаа. Тиймээс дөрвөн гал унтраах ангийн таван тасгийг гаргасан. 75 албан хаагч, есөн автомашин болон бусад техник хэрэгсэлтэйгээр, 1650 литр хөөс, 35.8 тонн ус зарцуулсан. Улмаар 21:28 цагт галын тархалтыг зогсоосон. Тиймээс алба хаагчид шуурхай ажиллаж 24 минутад галыг аюулгүй болгосон гэсэн үг. Нийтдээ нэг цаг 20 минут ажиллаж, галыг бүрэн унтраасан. Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс дээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа” гэв.

Одоогоор хохирлын хэмжээг тогтоогоогүй байгаа бөгөөд эх сурвалжуудын ярьж буйгаар тэнд ажиллаж байсан инженерүүд тог салгаж, аюулгүйн эхний арга хэмжээг авсан байсан аж. Хэрэв хүчдэлийг салгаагүй бол галыг унтраах боломжгүй байсан гэнэ.

Хуваалцах