Д.Ганхуяг сайд тогтоолын төсөл өргөн барив
Өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод “Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг өргөн барилаа.
Мэдээллийн алба

Өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод “Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг өргөн барилаа.
“Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2013 оны 100 дугаар тогтоолын долоодугаар зүйлийг хэрэгжүүлэх зорилгоор Хөшөөт, Цайдамнуурын нүүрс, Гацууртын алт, Халзанбүргэдэй, Лугийн гол, Мушгиа худаг, Хотгорын газрын ховор элементийн ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ангилалд хамааруулах санал гарган “Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Монгол Улсын Засгийн газраас 2013 оны тавдугаар сарын 31-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн юм.
Цайдамнуурын нүүрсний ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК, Гацууртын алтны ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Сентерра гоулд Монголиа” ХХК-ийн зүгээс тухайн ордуудаа стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулах хүсэлтээ ирүүлжээ.
Иймд Улсын Их Хурлын 2014 оны 18 дугаар тогтоолоор баталсан Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлоготой нийцүүлэн Цайдамнуурын нүүрс, Гацууртын алтны ордыг Улсын Их хурлын 2007 оны 27 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт бүхий стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулахаар тогтоолын төсөлд тусган УИХ-д өргөн мэдүүлэх саналтай байна гэдгийг хууль санаачлагч хэлсэн.
Мөн Цайдамнуурын нүүрсний ордыг Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтад оруулсантай холбогдуулан хоёрдугаар хавсралтаас хасах талаар тогтоолын төсөлд тусгасан гэдгийг хэллээ.


















