Д.Коркиний тэмцээнд манай бөхчүүд барилдана
Ирэх аравдугаар сарын 3-4-ний өдрүүдэд ОХУ-ын Якут улсын Якутск хотын “Триумф” спортын ордонд болох ЗХУ-ын Гавьяат дасгалжуулагч Д.П.Коркиний дурсгалд зориулсан ҮIII дахь чөлөөт бөхийн уламжлалт “Гран-При” олон улсын тэмцээнд оролцохоор манай бөхчүүд очоод байна.
Мэдээллийн алба

Ирэх аравдугаар сарын 3-4-ний өдрүүдэд ОХУ-ын Якут улсын Якутск хотын “Триумф” спортын ордонд болох ЗХУ-ын Гавьяат дасгалжуулагч Д.П.Коркиний дурсгалд зориулсан ҮIII дахь чөлөөт бөхийн уламжлалт “Гран-При” олон улсын тэмцээнд оролцохоор манай бөхчүүд очоод байна.
Манай бөхчүүд тус тэмцээнд анхдугаар тэмцээнээс нь эхлэн тасралтгүй оролцож Э.Бэхбаяр, Б.Анхбаяр нар алтан медаль хүртэж байсан, өнгөрсөн жил Б.Нямдорж, Б.Батзориг, П.Өнөрбат, Н.Золбоо нар хүрэл медаль авсан билээ.
Энэ удаа тус тэмцээнд үндэсний эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар дасгалжуулагчаар, МЧБХ-ны Шүүгчдийн зөвлөлийн дарга, олон улсын шүүгч Ц.Сэрээтэр шүүгчээр оролцож байна.
61 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Батсайханы Нэмэхбаяр /Дархан-Уул аймаг, ”Хасу-Мегаватт” клуб/,
74 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Доржваанчигийн Гомбодорж /”Арслан” клуб/
86 кг-ын жинд спортын мастер Лувсандоржийн Төртогтох /”Ганьт” клуб/ нар зодоглоно.
Энэ тэмцээнд Азербайжан, АНУ, Армян, Беларусь, Болгар, Бразил, БНХАУ, Грек, Киргиз, Израиль, Латви, Македони, Молдав, Монгол, Румын, Серб, Тажик, Турк, Узбек, Украин, Финланд, Хорват, Эстони зэрэг 25 гадаад орон, ОХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг Буриад, Дагестан, Кабардино-Балкари, Тува, Хойд Осет, Якут улс, Кемерово муж, Красноярскийн хязгаарын бөхчүүд барилдана.
Тэдний дотор Оросын бөх, Европийн спортын наадмын аварга А.Богомоев, олимпийн наадмын хүрэл медальт Георгий Кетоев, АНУ-ын бөх, олимпийн аварга Жакоб Варнер, украиний бөх, олимпийн наадмын мөнгөн медальт Валерий Андрейцев, болгарын бөх, дэлхийн аварга Радослав Великов нарын шилдэг бөхчүүд байна.
Олон улсын шүүгчдийн бүрэлдэхүүнийг шинэчлэх үйл ажиллагааны эхний шат болох олон улсын хоёрдугаар зэрэглэлийн шүүгчийн зэрэг олгох онолын сургалт энэ тэмцээний үеэр болно. Хоёр дахь шат нь энэ оны арван хоёрдугаар сарын 9-12-ний өдрүүдэд ОХУ-ын Сочи хотод болно, уг хоёрдугаар шатны сургалт нь Зуны олимпийн “Рио-де-Жанейро -2016” наадамд оролцуулах шүүгчдийн сонгон шалгаруулалтын эхний шат болох ажээ.
Тэмцээний шагналын сан 64 мянган ам.доллар үүнд алтан медаль хүртсэн бөхчүүдэд 3, мөнгөн медаль хүртсэн бөхчүүдэд 2, хүрэл медаль хүртсэн бөхчүүдэд 1, түрүүлсэн бөхийн дасгалжуулагчид 1 мянган ам.долларын урамшуулал олгох юм байна.


















