Д.Лхагвасүрэн хүрэл медалийн төлөө барилдана
Дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен-2026” тэмцээний бөхийн сонгомол барилдаан өнөөдөр Буянт-Ухаа спорт цогцолборт эхэлсэн.
Мэдээллийн алба

Сонгомол болон чөлөөт бөхийн дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен-2026” тэмцээний бөхийн сонгомол бөхийн барилдаан өнөөдөр Буянт-Ухаа спорт цогцолборт эхэлсэн. Сонгомол болон чөлөөт бөхийн дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен-2026” тэмцээнд 23 орны 297 тамирчин 30 алтан медалийн төлөө хүч сорьж байгаа.
Энэ тэмцээний 82 кг-ын жинд манай бөх Д.Лхагвасүрэн хагас шигшээ шатнаа Болгарын тамирчин Айк Мнацаканянтай хүч сорилоо.
ДАШТ болон Европын АШТ-ий хошой хүрэл медальтай Мнацаканян, манай тамирчинг оноогоор цэвэр ялж, финалд шалгарсан.
Одоо Д.Лхагвасүрэн хүрэл медалийн төлөө Кыргызстаны Имур Темирбековтой барилдахаар болсон байна. Өнөөдөр сонгомол бөхийн долоон жингийн медальтнууд тодорно.
Харин маргааш сонгомолын үлдсэн гурван жин болон чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50, 53, 57, 59, 72 кг-ын жингийн барилдаан болно. Тэгвэл бямба гарагт эмэгтэйчүүдийн 55, 62, 65, 68, 76 кг, эрэгтэйчүүдийн 74, 86, 92 кг-ын жингийн барилдааны аваргууд тодрох юм.
Тэмцээний сүүлийн өдөр буюу ням гарагт эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70, 79, 97, 125 кг-ын жингийн барилдаан болсноор “Улаанбаатар опен” өндөрлөх хуваарьтай байна. Тэмцээнийг МҮОНТВ-ээр дөрвөн өдрийн турш шууд дамжуулан үзүүлж байгаа.


















