Д.Норжмаа: Радиогийн хувьд долоодугаар сарын 31-нд тоон технологид шилжих ямар ч боломжгүй
МҮОНР-гийн сонсогдолт муу байна, радио явахгүй байна гэсэн гомдол сонсогчдоос ирсэний дагуу МҮОНР-гийн Техникийн албаны дарга Д.Норжмаагаас тодруулга авснаа та бүхэнд толилуулъя.
Мэдээллийн алба

МҮОНР-гийн сонсогдолт муу байна, радио явахгүй байна гэсэн гомдол сонсогчдоос ирсэний дагуу МҮОНР-гийн Техникийн албаны дарга Д.Норжмаагаас тодруулга авснаа та бүхэнд толилуулъя.
- МҮОНР-гийн сонсогдолт муу байна. Радио явахаа байлаа гэсэн гомдол ОНХА-нд тавдугаар сард нэлээд ирлээ. Энэ асуудлаас яриагаа эхэлье?
- МҮОНР-гийн нэвтрүүлгийг РТС УТҮГ хариуцан орон даяар дамжуулж ирсэн. Улаанбаатар, Говь-Алтай, Баян-Өлгий, Хөвсгөл, Өмнөговь, Дорнод гээд зургаан газар дахин дамжуулах их чадлын станц ажилладаг. Мөн 21 аймгийн төвд 105.5 FM буюу хэт богино долгионоор радиогийн нэвтрүүлэг цацагдаж байгаа. Улаанбаатар хотод байрладаг дахин дамжуулах станцаас бусад нь хэвийн ажиллаж байгаа. Улаанбаатарын дахин дамжуулах станц 164 кл/гц дээр цацдаг урт долгионы чадлын станц буюу Хонхрын станцын цацаж байгаа нэвтрүүлгийг тавдугаар сарын нэгнээс арван хүртэл 10 хоног доголдоод сонсогчид сонсож чадсангүй. РТСГ-ын хариуцаж ажилладаг инженерүүд нь Хонхрын станцийн техник технологи муудсан, тог цахилгааны асуудлаас болж доголдсон гэсэн тайлбар хэлсэн. Радио сонсогдохгүй байна гэж 10 хоногийн дотор ОНХА, Хурд агентлаг, Техникийн албанд нийт 40-өөд гомдол ирсэн.
- Сонсогчдодоо нэвтрүүлгээ саадгүй хүргэж сонсгохын тулд одоо ямар арга хэмжээ авч байна?
- Хонхорын станц тавдугаар сарын 11-нээс эхэлж хэвийн ажилласан. Гэхдээ иргэдээс 18 цагаас хойш явахгүй байна гэсэн гомдол ирж л байна. Хавар мөн оройдоо радио явахгүй байна гэсэн гомдол ирж байсан. Энэ сонсогчдын гомдлууд хаяг утастайгаа байгаа. Цаашид ингээд техник технологи нь муудсан, хуучирсан юм гэдэг шалтгаанаар байнга зогсоогоод байх юм уу? Эсвэл улсын хэмжээнд нэгдсэн бодлогоор ярьж шийдвэрлээд тоног төхөөрөмжөө солих, үүнийгээ дагаад хүлээн авагч оруулж ирэх, томоохон ажлыг зохион байгуулахгүй бол мэдээж 1960-аад оноос ажилласан хуучин станц ямар байх нь ойлгомжтой. Гэхдээ станц хуучирсан гэдэг шалтгаанаар радиог зогсоож болохгүй гэж бид үзэж байгаа. Яагаад гэвэл олон нийтийн эрх ашиг, сонсогчдын эрх ашиг, мөн энэ байгууллагын уран бүтээлчдийн хийж байгаа уран бүтээл сонсогчдод хүрэхгүй болно. Одоо бол станцаа ажиллуулж байна, ажиллуулахгүй байна, оройн цагаар тасарч байна, тасрахгүй байна гээд хоёр байгууллагын хооронд бичиг цаас өгөлцөөд байж байна. Харилцаа холбооны зохицуулах хороонд Хонхорын станц ямар чадлаар ажиллаж байгаа, чадалдаа тааруулж ямар тархалтын хүрээнд цацаж байгааг тодорхойлж, дүгнэлт гаргаж өгөөч гэсэн албан хүсэлтээ тавьсан. Албан ёсны дүгнэлт гарсны дараа төр засгийн хэмжээнд яригдах байх.
- Монгол Улс энэ онд өргөн нэвтрүүлгийн тоон технологид шилжинэ гэсэн. Энд радио хэр бэлдэж байна?
- Монгол Улс 2014 оны долоодугаар сарын 31 гэхэд өргөн нэвтрүүлгийн тоон технологид шилжинэ гэсэн тушаал шийдвэр нь гарсан. Өргөн нэвтрүүлэг гэдэг утгад радио ор хаягдсан. Одоо бүх л мэдээллийн сувгаар телевизийн хувьд DVBT 2 стандарт батлагдлаа. Ийм тоон стандартад шилжихээр боллоо гэж зарлаж байгаа. Энэ бол телевизийн тоон стандарт. Энэ стандартын судалгаа нь хийгдээд Засгийн газрын тогтоол гараад батлагдаад хэрэгжих шатандаа явж байгаа. Тоон станцууд нь солигдоод явж байна. Гэтэл радиогийн хувьд стандартыг нь батлаад, Засгийн газар ийм хугацаанд хэрэгжүүлье, энэ станцуудаа ингэж сольж, үүнийгээ дагаад хүлээн авагчаа шинэчилье гэсэн ямар ч бодлого Монгол Улсын хэмжээнд байхгүй байна. Тоон технологид шилжихэд Радиог ор орхисон байгаа. Тэгэхээр одоо Засгийн газар радиогийн тоон стандартаа нэн түрүүн батлах хэрэгтэй. Дараа нь энэ стандартаа яаж хэрэгжүүлэх вэ? Шаардагдах төсөв мөнгө нь хаанаас гарч, ямар үе шаттайгаар сольж хэрэгжүүлэх вэ гэдгээ яаралтай авч хэлэлцэхгүй бол Радиогийн хувьд долоодугаар сарын 31-нд тоон технологид шилжих ямар ч боломжгүй. Төр энэ асуудлыг ор мартсан байгаа. Тиймээс тоон технологид радио шилжих зайлшгүй шаардлагатай гэдгийг энд контент үйлдвэрлэж байгаа бид, дамжуулах байгууллага болох РТСГ төртэйгээ хамтарч нэгдсэн бодлогоор шийдэх хэрэгтэй байна.
-Хэрвээ тоон технологид шилжихгүй бол радио явахгүй гэсэн үг үү?
-Сольж шинэчлэгдээгүй учир хуучин аналоги технологиороо явна. Гэхдээ яг өнөөдрийн байдал шиг станц нь доголдоод байнга зогсоод байх юм бол сонсогчдынхоо эрх ашгийг байнга зөрчих болно. Мэдээж тоон технологид шилжлээ гээд радиог хаана гэж байхгүй. Хуучин анолог технологиороо дамжуулах нь гарцаагүй. Хуучин аналог технологи нь явцгүй болсон гэдэг нь харагдаж байна. Тиймээс зайлшгүй тоон технологид шилжих шаардлагатай.
-Ярилцсанд баярлалаа.


















