Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Д.Отгонжаргал, Б.Хулан ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

“Белград-2022” чөлөөт бөхийн ДАШТ-ээс Монголын баг хоёр мөнгөн медаль хүртээд байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Отгонжаргал, Б.Хулан ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
Д.Отгонжаргал, Б.Хулан ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

“Белград-2022” чөлөөт бөхийн ДАШТ-ээс Монголын баг хоёр мөнгөн медаль хүртээд байна. Тухайлбал, Эмэгтэйчүүдийн 50 кг-д зодоглосон ОУХМ Д.Отгонжаргал аваргын төлөө олимп, дэлхийн аварга Японы Юи Сүсакад цэвэр ялагдсанаар мөнгөн медалийн эзэн болж, өнгөрсөн жилийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн амжилтаа ахиулав.

Түүнчлэн ДАШТ-д анх удаа оролцож буй тивийн аваргын мөнгөн медальт Б.Хулан 53 кг-д Америкийн бөх, Пан Америкийн аварга цолтой Доминик Пэрришт 4:2-оор ялагдан мөнгөн медаль хүртлээ.

Монголын багийн медалийн тоо нэмэгдэх эсэхийг Э.Даваачимэг, Б.Эрдэнэсувд нарын барилдаан шийднэ. Өнгөрсөн жилийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Э.Даваачимэг 57 кг-ын жинд БНСУ-ын Ким Хьюн-Жо, Узбекистаны Л.Собирова нарыг дараалан ялж хагас шигшээд шалгараад Америкийн бөх, олимп, дэлхийн аварга Х.Мароулист дийлдсэн юм. Улмаар хүрэл медалийн төлөө Казахстан, Польшийн бөхчүүдийн ялсантай нь барилдана.

Харин 59 кг-д зодоглож буй Б.Эрдэнэсувд дагах барилдаанд АНУ-ын А.Неттетэй хүч үзэхээр болсон. Хэрэв түүнийг хожвол хүрэл медалийн төлөө Польшийн бөх, Европын аваргын мөнгөн медальт И.Вжесенвтэй барилдана.

Энэ жилийн чөлөөт бөхийн ДАШТ-ээс 25 улс медаль хүртээд байгаа бөгөөд Монголын баг медалийн чансаагаар 9 дүгээр байрт бичигдэж байна.

Хуваалцах