Д.Оюунхорол: МАН анхнаасаа хүүхэд бүрт мөнгө өгөхийг шаардаж байсан
УИХ дахь МАН-ын бүлэг хүүхэд бүрт алагчилж ялгаварлахгүйгээр сар болгон 20 мянган төгрөг хүртээх ёстой гэсэн байр суурийг төсвийн хэлэлцүүлгийн үеэр баримталж байсан гэдгийг МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ж.Эрдэнэбат нар мэдээллийнхээ үеэр хэллээ.
Мэдээллийн алба

УИХ дахь МАН-ын бүлэг хүүхэд бүрт алагчилж ялгаварлахгүйгээр сар болгон 20 мянган төгрөг хүртээх ёстой гэсэн байр суурийг төсвийн хэлэлцүүлгийн үеэр баримталж байсан гэдгийг МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ж.Эрдэнэбат нар мэдээллийнхээ үеэр хэллээ.
Хүүхэд бүрт ялгаварлалгүй 20 мянган төгрөг олгохын тулд шаардагдах 110 тэрбум төгрөгийг төсөвт тодотгол оруулах замаар шийдэх ёстой юм байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хэлэхдээ "Хүүхдийн мөнгийг М.Энхболдын Засгийн газрын үеэс олгож эхэлсэн. Манай бүлгийн гишүүд эдийн засаг хүнд үед хүүхдийн мөнгийг нэмэгдүүлэх хуулийн төслийг өргөн мэдүүлсэн ч УИХ хэлэлцээгүй өнөөг хүрсэн. Гэтэл эдийн засаг хүндэрсэн, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн ийм цаг үед хүн рүү чиглэсэн олон бодлогоос ухарсан алхмыг Ч.Сайханбилэгийн Засгийн газар хийсэн. Энэ алдааг засах ёстой гэж манай бүлгийн гишүүд 100 хувь санал нэгдсэн. Эдийн засаг хүнд байна гээд цалин тэтгэврээ нэмж чадахгүй, хүүхдэд олгодог мөнгө, оюутны тэтгэлгийн 70 мянган төгрөгийг хассан. Өнөөдөр 170 мянган оюутны 30 хувь нь 70 мянган төгрөгөө сар бүр авч байна. Өрхийн амьжиргааг нэмэгдүүлэх чиглэлээр монголын төр, УИХ тодорхой алхам хийж чадахгүй байна гэсэн асуудлыг МАН-ын бүлэг байнга тавьсаар ирсэн. Тиймээс хүүхэд, оюутнуудад ялгаварлахгүйгээр 20 мянга, 70 мянгыг нь өгөх ёстой. Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгоход 110 тэрбум төгрөг шаардлагатай. Төсвийн тодотгол хийгдээгүй тохиолдолд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн есөн шалгуур үзүүлэлтийн гурав нь зөрчигдөнө. Энэ асуудлыг бид төсвийн тодотголын үеэр ярилцана" гэлээ.
МАН-ын бүлгийн хувьд төсвийн хэлэлцүүлгийн үеэр хүүхдийн мөнгийг хасахыг дэмжээгүй, хүүхэд бүрт сар болгон 20 мянган төгрөг өгөхийг шаардсан. Гэвч эрх баригчид энэ саналыг хүлээж аваагүй, олонхиороо хүүхдийн мөнгийг хасах хууль баталсан. Баталсан хуульдаа сарын дараа өөрчлөлт оруулах гэж байна. Энэ бол эрх баригч нам бодлогогүй байгаагийн нэг жишээ гэсэн асуудлыг ч гишүүд хөндөн ярьсан байна.


















