Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Д.СОДНОМ: Би Монгол хүний холч ухаанаар бахархаж явдаг

Би Монгол хүний холч ухаан, уужим сэтгэл, хийморь заяагаар бахархаж явна. Бид бүхний Монгол төрийн сүлд ивээг. Их баярлалаа

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Д.СОДНОМ: Би Монгол хүний холч ухаанаар бахархаж явдаг
Д.СОДНОМ: Би Монгол хүний холч ухаанаар бахархаж явдаг. Зураг: МҮОНРТ

“Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёсны түүх, соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд хувь нэмрээ оруулсан, онцгой гавьяа байгуулсан иргэнийг шагнадаг “Чингис хааны одон”-гийн энэ жилийн эзнээр Д.Содном тодорч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос одонгоо ёслол төгөлдөр хүлээн авлаа.

Амьдралынхаа нэгэн жарныг төрд зориулсан энэхүү эрхмийг эдийн засаг, улс төр, гадаад харилцаанд чухал үүрэг гүйцэтгэсэн нь энэхүү одонг авах үндэслэл болсон ажээ. Улсын санхүү бүртгэлийн хариуцлагатай алба, эдийн засагчийн тооцооллоор Монголын эдийн засагт “саалийн үнээ” болох “Эрдэнэт” үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулахаас эхлээд төрийн санхүү, эдийн засгийн ачааны хүнд, ажлын бэрхийг үүрэх төрийн хар хүн байсан гэдгийг нь төр ийнхүү үнэлж буй нь энэ аж. Эдийн засаг, улсынхаа эрх ашгийн төлөө дуугарсныхаа төлөө “хоёр орны найрамдалт харилцааны эсрэг гэмтэн болж эсэргүү эдийн засагч” гэж буруудаж байсан үе түүнд бий.

Тэрээр “Чингинс хааны одон”-г хүлээн авсны дараа ийнхүү хэлсэн юм. “Өнөөдөр бүтээн байгуулалт хийж буй Монголын Алт компанид ажиллаж байгаа даа баяртай байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж таны бодлого, үйл ажиллагааны хүрээнд иргэний оролцоог нэмэгдүүлэх, авлига хээл хахуулийг таслан зогсоох, шүүхийг шинэчлэх, төсвийн ил тод байдлыг хангах, төвлөрлийг сааруулах, орон нутагт эрх мэдлийг шилжүүлэх, Монгол соёлоо хамгаалан, дэлгэрүүлэх, олон улсын тавцанд Монгол Улсынхаа нэр хүндийг өргөх талбарт онцгой анхаарч, тууштай зарчимтай ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж явсан хүний хувьд бахархаж байгаагаа илэрхийлье.

Монголчууд бид эцэг, өвгөдөөсөө өвлөсөн эх нутаг, газар шороогоо үр ач даа өвлүүлж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо хайрлан хамгаалж, улс төр, эдийн засгийн хувьд хүчирхэг улс болох ёстой. Бүтээсэн дээ тайвширч биш бүтээх дээ шамдаж явцгаая. Монгол хүн бүр улс орныхоо ирээдүй хөгжил, язгуур эрх ашгийг дээдэлж, алсын хараа, холын байдалтай байж, өвөр зуураа талцах бус эв эеээ хичээн өөдлөн дэвшихийн төлөө эрвийх дэрвийхээрээ зүтгэцгээе. Би Монгол хүний холч ухаан, уужим сэтгэл, хийморь заяагаар бахархаж явна. Бид бүхний Монгол төрийн сүлд ивээг. Их баярлалаа” гэлээ.

“Монгол бахархлын өдөр”-өөр Төрийн дээд шагнал “Чингис хааны одон”-гоор шагнагдсан Д.Содном гуайд МҮОНРТ-ийн болон MNB.MN цахим хуудасны нийт сэтгүүлч, уран бүтээлчид, ажилтан албан хаагчид, уншигчдынхаа өмнөөс баяр хүргээд түүний товч намтрыг хүргэж байна.

ТӨРСӨН ГАЗАР:

1933 онд Дорноговь аймгийн Баянмөнх эдүүгээгийн Өргөн сумын нутагт төрсөн.

СУРАЛЦСАН СУРГУУЛЬ, ЭЗЭМШСЭН МЭРГЭЖИЛ:

-1942-1946 онд Дорноговь аймгийн Баянмөнх сумын бага сургууль

-1946-1950 онд Улаанбаатар хотноо Санхүү-Эдийн засгийн техникумд Төсөвт байгууллагын нягтлан бодогч

-1954-1958 онд ОХУ-ын Эрхүү хотноо Санхүү-Эдийн засгийн дээд сургууль, Санхүү эдийн засагч

ТӨРД ЭРХЭЛСЭН АЛБА:

-1950-1954 онд Сангийн яаманд байцаагч, нягтлан бодогч

-1958-1963 онд мөн яаманд Валютын хэсгийн дарга

-1963-1969 онд тус яамны сайд

-1969-1972 онд Улсын төлөвлөгөөний комиссын нэгдүгээр орлогч дарга бөгөөд төрийн сайд

-1972-1974 онд Улсын төлөвлөгөөний комиссын дарга

-1974-1984 онд Сайд нарын зөвлөлийн орлогч дарга бөгөөд улсын төлөвлөгөөний комиссын дарга

-1984-1990 онд Сайд нарын зөвлөлийн дарга

-1990-1991 онд “Монгол Газар Тос” компанийн захирал

-1992-1996 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх

СОНГУУЛЬТ АЖИЛ

-1984 оны арванхоёрдугаар сараас 1990 оны гуравдугаар сар хүртэл МАХН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн.

-1963-1992 онд Ардын Их Хурлын депутатаар 8 удаа

-1963-1992 онд МАХН-ын төв хорооны гишүүн

-1994 оноос эдүгээг хүртэл Япон-Монголын харилцааг дэмжих “Түншлэлийн Холбоо” Нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна.

НОМ БҮТЭЭЛ

-Амьдрал, бодол 2002 он

-Бодол эргэцүүлэл 2005 он

-Эргэцүүлэл “2” 2013 оны 10 дугаар сар 30

ГАВЬЯА ШАГНАЛ

-Сүхбаатарын одон

-Алтангадас одон 2 удаа

-Ардын хувьсгалын ойн хүндэт медалиуд

-2003 онд Монгол Улсын “Гавьяат эдийн засагч”

-Япон улсын Засгийн газрын өндөр хүндэт шагнал “Мандах нар” одонгийн “Сүр жавхлант тууз” зэрэглэлийн одон.

-Сангийн яам “Санхүү-Банкны тэргүүний ажилтан”

Түлхүүр үг:Д.СодномЧингис хааны одон
Хуваалцах