Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаанаас илүү эдийн засгийн дарамтыг илүүд үзэж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп наймдугаар сарын 9-нд Ираны асуудалд одоогоор болгоомжтой хандаж байгаагаа мэдэгдэж, дахин өргөн хүрээний цэргийн ажиллагаа явуулахаас илүүтэй эдийн засгийн дарамтыг нэмэгдүүлэх байр суурьтай байгаагаа илэрхийлжээ.
Мэдээллийн алба

Д.Трамп сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө, АНУ-Ираны хооронд тодорхой хэмжээнд хэлэлцээ үргэлжилж байгааг дурдаад, Ираны нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж буйгаа хэлсэн байна.
Тэрээр Иран улс инфляц өндөр, хөрөнгө мөнгөний хомсдолтой тулгарч, эдийн засгийн нөхцөл байдал нь хүндэрсэн гэж мэдэгджээ. Мөн Ираны эдийн засгийн өнөөгийн байдлыг “маш муу” хэмээн тодорхойлж, цэргийн зардлаа санхүүжүүлэхэд ч хүндрэлтэй болсон гэжээ.
АНУ-ын хэрэгжүүлж буй тэнгисийн бүслэлт Ираны эдийн засгийн хүндрэлийг улам нэмэгдүүлсэн гэж Д.Трамп үзэж байгаа бөгөөд эдийн засгийн дарамтаа үргэлжлүүлэх замаар Тегераныг хэлэлцээрт хүргэх боломжтой гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.
Д.Трамп АНУ, Ираны өнөөгийн нөхцөл байдлыг “шатрын тоглоомтой адил” хэмээн дүрслээд, эцэст нь асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж мэдэгджээ.