Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дайчид урлагаар өрсөлдөж байна

"Алтан унжлагат" хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй "Цагаан сар-Монгол түмний уламжлалт их баяр" тэмцээн энэ сарын 6-10-ны өдрүүдэд Офицеруудын ордны тайзнаа явагдаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 4 минут
Дайчид урлагаар өрсөлдөж байна
Дайчид урлагаар өрсөлдөж байна. Зураг: МҮОНРТ

"Алтан унжлагат" хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй "Цагаан сар-Монгол түмний уламжлалт их баяр" тэмцээн энэ сарын 6-10-ны өдрүүдэд Офицеруудын ордны тайзнаа явагдаж байна. 15 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ тэмцээнд 27 анги, байгууллагын 160 гаруй уран бүтээлч оролцож байгаа бөгөөд 2000 гаруй үзэгчийг цуглуулсан томоохон тэмцээн юм. Ерөнхий шүүгчээр ЗХЖШ-ын ИЦХХ-ийн дарга, хурандаа С.Төмөрхуяг, шүүгчээр ҮБХИС-ийн БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Ж.Базарсүрэн, ЦДБЭЧ-ын Үндэсний найрал хөгжмийн багш, МУСТА Г.Батнасан, МУГЖ Ц.Батбаяр, "XX зууны дуунууд" улсын уралдааны 3 удаагийн тэргүүн байрын шагналт, МУСТА, дуучин З.Ариунбаясгалан, тэмцээний нарийн бичгийн даргаар Үндэсний найрал хөгжмийн албаны орлогч, ахлагч С.Төрбат нар ажиллаж байна. Тэмцээнд оролцогсдод ЦДБЭЧ-ын хамт олон мэргэжлийн болон техник хэрэгслийн туслалцаа үзүүлж байгаа юм.

Тэмцээнийг нээж ЗХЖШ-ын орлогч дарга, бригадын генерал Ж.Бадамбазар хэлсэн үгэндээ "Үндэсний соёл урлагийг нийтэд сурталчлан таниулах, Монгол соёлын нөлөөллийг дээшлүүлэх, давтагдашгүй чанарыг баталгаажуулах, дэлхийн соёлын онцлогтой нийцүүлэн хөгжүүлэх, Монгол түмний ахуй амьдрал, өв соёл, ардын уламжлалт ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах, анги, байгууллагын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх зорилготой зохион байгуулж ирсэн уг тэмцээн 15 дахь жилдээ явагдаж байна. Тэмцээн жилээс жилд цар хүрээгээ тэлж улсын хэмжээний тэмцээн болон өргөжиж байгаа нь оролцогчдын идэвх, чармайлттай шууд холбоотой. Жил бүр нэг ангиас 6 хүн хамт олноо төлөөлөн оролцож, өнгөрсөн жилүүдэд давхардсан тоогоор 800 гаруй алба хаагч энэхүү тэмцээнээр ардын уламжлалт ёс заншлаа хэн нь сайн мэдэх вэ гэдгээ сорин өрсөлдсөн байна. Жил бүр тэмцээний удирдамжийн дагуу сонгож дуулах 10 дууны жагсаалт ардын богино дуу, харилцаа дуу, хошин дуу, домогт дуу, баруун Монгол ардын дуу зэргээр өөрчлөгдөж ирсэн. Тэмцээн зохион байгуулагдсанаас хойш тасралтгүй оролцсон оролцогч энэ хугацаанд 100 ардын дууг сурч дуулсан тоон үзүүлэлт ч байна. Мөн анги, байгууллагын удирдлагын бүрэлдэхүүнийг соёл урлагийн арга хэмжээнд өргөнөөр хамруулах зорилгоор ангийн захирагч, захирагчийн орлогч, штабын дарга, тэргүүн ахлагч нарын дунд "Заавал дуулах дууны тэмцээн" зохион явуулж ирсэн. Энэ жил ангийн ажиллагааны удирдлагын тасгийн дарга нарыг энэ төрөлд оролцуулж байгаа нь тэмцээний бас нэг онцлог юм" гэлээ.

ЦДБЭЧ-ын тайзнаа 2 үе шаттай зохион байгуулагдаж буй тэмцээний оролцогчид үндэснийхээ дээл хувцсаар гангарсан байлаа. Тэмцээний салхийг өнгөрсөн жилийн тусгай байрын шагналт Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн хамт олны мэндчилгээ хагалав. Тэртээ XIII зууны морьтон баатрын хувцас, хэрэгслээр жигдэрсэн дайчдын түүхэн уламжлалыг харуулсан мэндчилгээ шүүгч, үзэгчдэд хүрч чадсан. Тэд 1206 онд Чингис Хаан Их Монгол Улсыг байгуулаад, цагаан сарыг хаврын эхэн сард мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрч байх үеэр тэмдэглэвэл зохилтой хэмээн зарлиг буулгаж, үүнээс хойш цагийн аясыг даган жилийн өнгийг Монгол зурлагаар, од гаригийн байршлаар тодотгож, сарны тооллоор тоолон одоогийн бидний мөрдөж буй тооллоор хаврын эхэн сарын шинийн 1-нд тэмдэглэдэг болсныг урлагаар илэрхийлсэн юм.

Үүний дараа ангиудын мэндчилгээ ч монголчууд эх дэлхийтэйгээ уялдан байгалийн өнгө аясыг даган нүүдэллэж, малынхаа үр шимээр амьдарч ирснийг харуулж, "Цагаан сар" хэмээх баяраа элбэг дэлбэг, өнгөтэй өөдрөг сайн сайхан бүхнийг бэлэгшээн, муу муухай зүйлсийг эцэс төгсгөл болгон цээрлэн тэмдэглэдэг ёсыг тайзнаа амилуулав. Энэхүү урлагийн наадмаас ах дүү, төрөл саднаа мэдэлцэх, бие биенээ хүндэтгэх зан үйлийг бэлхнээ харах боломжтой. Цагаан сараар уур, шунал, мунхаглал гэсэн гурван нүглийг тэвчиж, буян үйлдэх нь хамгийн чухал зан үйл гэдгийг оролцогч багууд мэндчилгээндээ шингээжээ.

Мөн тэмцээний сонирхолтой хэсэг бол уламжлалт оньсон тоглоом юм. Баг бүрээс нэг төлөөлөл гарч модон оньсон тоглоомыг богино хугацаанд угсрах даалгавартай. "Хүнийг таних гэвэл нөхрийг нь хар, хүүхдийг таних гэвэл тоглоомыг нь үз" гэсэн мэргэн үг бий. Манай ард түмэн үр хүүхдийнхээ оюун ухааныг саруул уужим болгон хүмүүжүүлэх тоглоомын бүхэл бүтэн соёлтой. Түүний нэг нь Монголчуудын хэдэн зууны турш өвлөж ирсэн оюуны бүтээл болох оньсон тоглоом юм.

Оюун задлах оньсон тоглоомоор Монгол дэлхийд тэргүүн байрт ордог гэж зарим эх сурвалж өгүүлсэн байдаг. Үүнээс зөвхөн "Модон зангилаа" хэмээх цуврал оньсон тоглоомыг 24, 48, 120 мод эвлүүлэн зангиддаг нь Рубикийн шооноос илүү оюун ухаан шаарддаг гэнэ. Оролцогчид тун чадварлаг буюу ердөө 15 секундээс 3 минутын хугацаанд эвлүүлж байгаа харагдсан. Энэ тэмцээний дараагаар БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор профессор, бэлтгэлд байгаа хурандаа Ж.Базарсүрэн Монголын соёлын анханд тооцогдох бичгийн дурсгал болох "Монголын нууц товчоо"-ноос асуулт хариултын тэмцээнийг удирдан явууллаа. Баг бүрээс сонгогдсон оролцогсод асуултуудад амжилттай хариулж, түүхээ чамгүй судалсан гэдгээ харуулж байв. Энэ өдрүүдэд тэмцээн үргэлжилж байна. Зэвсэгт хүчний аль анги тэргүүлсэн тухай мэдээллийг дараагийн дугаартаа хүргэнэ.

Эх сурвалж: Батлан хамгаалах яам

Хуваалцах