Дака хотод гал гарч, 78 хүн нас баржээ
Албаныхны мэдээлснээр богино хугацаанд тархсан галын улмаас 78 хүн нас баржээ.
Мэдээллийн алба

Бангладешийн нийслэл Дака хотын түүхэн дүүрэгт гал гарч, олон хүн амь үрэгдээд байна. Албаныхны мэдээлснээр богино хугацаанд тархсан галын улмаас 78 хүн нас баржээ.
Доод давхартаа шатамхай материал агуулж байсан орон сууцны барилгад лхагва гарагийн шөнө дунд гал гарчээ. Гэхдээ гал юунаас эхэлж гарсан нь тодорхойгүй байна. Орон сууцны доод давхарт байдаг химийн бодис хадгалах газраас гал гарч, дараа нь ойролцоох гурван барилгад гал авалцсан гэж албаныхан мэдээлж байна. Харин гэрчүүдийн хэлснээр хийн дэлбэрэлт гал түймэр гарахад нөлөөлжээ.

Дака хотын 400 жилийн түүхтэй Чокбазар дүүрэг нарийн гудамжуудтай, ойр, ойрхон барилгуудтай. Энд аюулгүй байдлын дүрэм журам сул, ядуу тарчиг байдлаас болж томоохон байшин барилгуудад гал гарах нь түгээмэл байдаг байна. Өнгөрөгч ням гарагт л гэхэд Читтагон хэмээх эргийн хотод гал гарч 9 хүн нас барсан хэрэг гарсан байна.
Энд химийн бодисын бизнесийнхэн, орон нутгийн үнэртний үйлдвэрүүд төвлөрдөг. 2010 онд олон хүн үрэгдсэн гал гарсны дараа химийн бодис хадгалахыг хориглосон байжээ.


















