Далайн түвшнээс дээш 2200 метрт байрлах усан парк ирэх сард нээгдэнэ
Хамгийн өндөрт барьж байгуулсан усан паркийн албан ёсны нээлт ирэх сарын 18-нд болох бөгөөд энэ үеэр 2000 гаруй зочин хүлээн авахаар төлөвлөжээ.
Мэдээллийн алба

Дэлхийн хамгийн өндөрт байрлах усан парк өнгөрсөн долоо хоногт Хятадын Чинхай буюу Хөхнуур мужид туршилтын нээлтээ хийсэн талаар урд хөршийн CCTV мэдээллээ.
Төвдийн өндөр бүс нутагт, далайн түвшнээс дээш 2200 метр өндөрт байрлах тус усан парк Шинин хотод байрладаг бөгөөд 28 мянган кв.метр талбайг эзэлдэг аж. Дээрх усан паркийн барилга үзмэрийн хэд хэдэн бүсээс бүрдсэн бөгөөд үүнд цэнгэг усны амьтад, далайн амьдрал, нялцгай биетүүд, шинжлэх ухаан, тэжээвэр амьтдын хэсэг байгаа гэнэ.
Хамгийн өндөрт барьж байгуулсан усан паркийн албан ёсны нээлт ирэх сарын 18-нд болох бөгөөд энэ үеэр 2000 гаруй зочин хүлээн авахаар төлөвлөжээ. Түүнчлэн нээлтийн үеэр зочдод ОХУ-ын хоёр белуга, Японы бөөрөнхий хамарт найман далайн гахайн үзүүлбэр үзүүлэх аж.
Сонирхуулахад, далайн амьтад нам доор газар амьдардаг тул өндөрлөг бүс нутагт энэ төрлийн парк өмнө нь байгаагүй.


















