Дамдины Сүхбаатар
Д.Сүхбаатар 1893 оны хоёрдугаар сарын 2-нд тэр үеийн Маймаа /одоогийн Амгаланбаатар/ хотноо ядуу ард Дамдины гэрт төржээ.
Мэдээллийн алба

Д.Сүхбаатар 1893 оны хоёрдугаар сарын 2-нд тэр үеийн Маймаа /одоогийн Амгаланбаатар/ хотноо ядуу ард Дамдины гэрт төржээ. Д.Сүхбаатар багадаа харц ардын хүнд бэрх амьдралыг биеэр туулан, бусдад зарагдаж зах дээрээс мах үүрэх, мод түлээ зөөх, улаа нэхэх зэрэг ажил хийж ар гэрийнхээ ядуу амь зуулганд тусалдаг байв. Д.Сүхбаатарын балчир ахуйд ард олны хүүхдийг сурган хүмүүжүүлэх улсын сургууль байсангүй. Иймээс Д.Сүхбаатар бага насандаа сургуульд сурч чадсангүй. Харин эцэг нь хүүгээ эрдэм номтой хүн болгохыг хичээж 1907 онд гүн С.Жамъянд шавь оруулан монгол бичиг, тоо заалгаж байв. Д.Сүхбаатар 19 настайдаа Монголын хаант улсын цэргийн албанд дайчлагдан цэргийн дарга нар бэлтгэх сургуульд суралцаж пулемёт бууны сумангийн жагсаалын дарга болсон байна. Энэ үеэр Д.Сүхбаатар Их хүрээний ядуу ард Нэмэндэйн охин Янжмаатай айл гэр болжээ.

Д.Сүхбаатар олон хошуу нутгаас дайчлагдан ирсэн ядуусын хамт алба хааж байхдаа хар, шар феодалууд, гадаадын булаан эзлэгчдийн дарлал доромжлол, хэрцгийллийг чин сэтгэлээсээ үзэн ядаж тэрхүү зовлон зүдгүүрээс ангижруулах арга замыг сүвэгчлэн эрэх болжээ. Д.Сүхбаатарын хувьсгалт үйл ажиллагаа, улс төрийн ухамсрын өсөлтөд Октябрын социалист их хувьсгалын үзэл санаа, оросын хувьсгалчид, дэвшилт үзэлтэй хүмүүс их нөлөөлжээ. Нийслэл хүрээний орос хэвлэлийн газар ажиллаж байсан М.И.Кучеренко, Я.В.Гембаржевский нарын зэрэг оросын хувьсгалчдын идэвхтэй үйл ажиллагаа Д.Сүхбаатарын анхаарлыг татаж тэдэнтэй нягт холбоо тогтоон ажиллах болсон юм.
Д.Сүхбаатар 1918 оноос эхлэн Нийслэл хүрээний Монгол хэвлэлийн хороонд үсэг өрөгчөөр ажилласнаар тус орны гадаад дотоод байдал, засаг төрийн бодлоготой нэлээд тодорхой танилцах бололцоотой болжээ. Октябрын социалист их хувьсгалын үзэл санаагаар зоригжсон ард ангийн тэргүүний хүмүүс улс орныхоо тусгаар тогтнолыг Хятадын түрэмгийлэн эзлэгчдээс хамгаалахын тулд өөрсдийн хүчийг хамтатган, нэгэн байгууллагад нэгдэхийн чухлыг ойлгож зорилго нэгт хань нөхдөө эрэлхийлж байжээ.
Үүний илрэл нь Нийслэл хүрээнд Хүрээний ба Консулын гэсэн хувьсгалт хоёр нууц бүлэг үүссэн явдал байв. Д.Сүхбаатар хувьсгалт нууц бүлгийг санаачлан байгуулагчийн нэг байв. 1920 оны 6-р сарын 25-нд хоёр бүлгийн хамтарсан хурал болж, тус хоёр бүлгийг нэг хувьсгалт байгууллага болгон нэгтгэж “Монгол Ардын Нам” гэж нэрлэхээр тогтжээ.
1920 оны хавар Д.Сүхбаатар хэдийгээр эцэг нь хүнд өвчтэй байсан боловч арга буюу орхин гэр орноо зарж хөл залгах унаа бэлдээд ард түмний их хэргийн төлөө Зөвлөлт Орос улсын зүг зорьжээ. Ийнхүү явахынхаа өмнө тэмцэл, үйл ажиллагааныхаа гол шугамыг тодорхойлж өөрийн эцэгт “Миний бие, амь биеийг хайрлахгүй ард түмний эрх чөлөөг мандуулах үйл хэрэгт оролцон зүтгэхээр шийдвэрлэсэн” гэж хэлж байв. Хятадын милитаристууд Монгол-Оросын хилийг чандлан сэргийлж байснаас болж Д.Сүхбаатар энэ удаа хил нэвтэрч амжаагүй бөгөөд харин 1920 оны зун хоёр дахь удаагийн явалтаар зорилгоо биелүүлж чадсан юм. Тэд Эрхүү хотноо Коминтерний Дорно Дахины нарийн бичгийн дарга нарын газрын удирдах ажилтан нартай удаа дараа учирч Монгол Ардын Намын нэрийн өмнөөс Зөвлөлт орос улсын засгийн газарт хандан тусламж гуйх тухай бичиг үйлдэж түүндээ хувьсгалт байгууллагаас нэн даруй гүйцэтгэх чухал асуудлыг тодорхойлон бичжээ.
1920-1921 оны өвөл Нийслэл хүрээг оросын цагаантан барон Унгерн эзэлсэн нь тус орны харьцааг эрс өөрчлөв. Монгол орон нэлэнхүйдээ харийн дээрэмчин цэргүүдийн дураар авирлах талбар болов. Энэ үед Д.Сүхбаатар Монголын дотоод дахь ноцтой байдлыг тодорхой мэдэж ард түмнийг дарлал зовлонгоос бүрэн ангижруулах их хэргийг эхлэх цаг нэгэнт болсон гэж үзээд намын анхдугаар их хурлыг яаралтай хуралдуулж, Монголын ард түмний хувьсгалт тэмцлийг зохион байгуулж удирдах улс төрийн дайчин байгууллага МАХН-ыг жинхэнэ ёсоор байгуулах бүх бэлтгэл ажлыг шууд гардан удирдсан юм.
Үүний хамт намын бодлогыг олон түмэнд таниулах, ухуулах хуудас болон намын анхны дайчин хэвлэл “Монголын үнэн” сониныг хилийн чинадад хэвлүүлэн монгол нутагт нууцаар нэвтрүүлэх, партизан цэрэг элсүүлэх зэрэг асар их ажлыг зохион байгуулж байв. 1921 оны 2-р сарын есөнд болсон хувьсгалчдын зөвлөлгөөнөөр ардын журамт цэргийг байгуулах ажлыг түргэтгэх, зэвсэгт тэмцэлд идэвхтэй бэлтгэх зорилгын үүднээс Д.Сүхбаатарыг журамт цэргийн жанжнаар томилсон байна. 1921 оны 3-р сарын 1-3-ны өдөр хуралдсан Монгол Ардын Намын анхдугаар их хурал Монгол орны улс төрийн байдлын тухай хэлэлцэж, намын Программыг батлан бүх ард түмний зэвсэгт бослогыг бэлтгэн явуулах, Ардын журамт цэргийн штаб байгуулах, Монгол Ардын Намын Төв Хороог сонгон нам байгуулах тухай асуудал хэлэлцжээ.
Их хурал Ардын журамт цэргийн жанжинд Д.Сүхбаатарыг томилсон юм. 1921 оны 3-р сарын 13-нд Дээд Шивээ хотноо “Монгол Ардын засгийн хэргийг бүгд түр захиран шийтгэх газар” гэдэг нэртэйгээр Монгол Ардын Түр засгийн газрыг МАХН-ын удирдлагаар байгуулсан байна. Түүний бүрэлдэхүүнд Д.Сүхбаатар оржээ. 1921 оны 3-р сарын 18-ны шөнө Хиагт хотноо үүрлэж байсан гэмин цэргийн гол үүрийг бут цохиж Хиагт хотоо чөлөөлж ард түмний зэвсэгт бослогын том ялалт, империализм, феодализмыг эсэргүүцсэн Ардын хувьсгалын эхлэлт болжээ.
Уг тэмцэлд Д.Сүхбаатарын зохион байгуулах уран чадвар улам тодорч чин зоригт авьяаслаг жанжин болохоо илтгэн харуулсан юм. Ардын журамт цэргийн болон Улаан армийн ангиуд 1921 оны 7-р сарын 6-нд Нийслэл хүрээнд орж ирэв. 1921 оны 7-р сарын 8-ны өдөр М.А.Н-ын төв хорооны өргөтгөсөн хурал болж Хүрээний засгийн газрыг халж, засгийн бүх эрхийг Ардын түр засгийн газарт шилжүүлэхээр шийдвэрлэжээ. 8-р сарын 10-нд Хүрээний хуучин засгийн газрыг татан буулгаж Ардын түр засгийн газрыг өргөтгөн Ардын байнгын засгийн газар болгон байгуулж Д.Сүхбаатарыг ардын засгийн газрын цэргийн яамны тэргүүн сайд бөгөөд бүх цэргийн жанжнаар томилжээ.
1921 оны 8-р сарын 11-нд тусгаар тогтносон Монгол Улсыг байгуулсан тухай түмэнд тунхаглан зарлажээ. 1921 оны 11-р сард байгуулагдсан Монгол Зөвлөлтийн ард түмний найрамдлын хэлэлцээр бол их, бага үндэстний хооронд жинхэнэ тэгш эрх, бие биеэ хүндэтгэх, харилцан туслах зарчмын үндсэн дээр байгуулагдсан олон улсын ач холбогдол бүхий түүхэн бичиг баримт мөн. Хэлэлцээрийн үеэр дэлхийн хөдөлмөрчдийн их багш В.И.Ленин Монголын засгийн газрын төлөөлөгчид Д.Сүхбаатар нарыг Кремлийн ордонд хүлээн авчээ.
Д.Сүхбаатар ийнхүү нам ард түмнийхээ үйл хэрэгт зүтгэхийн үлгэрийг үзүүлж Ардын хувьсгалын ололтыг хамгаалан тэмцсээр 1923 оны 2-р сарын 20-нд таалал төгсчээ. Түүхчид түүний үхлийг хоёр янзаар тайлбарладаг бөгөөд хорлогдож эсвэл хүнд өвчний улмаас нас барсан гэж үздэг. Аль ч тохиолдол нь албан ёсоор батлагдаагүй бөгөөд Монголын зарим уран сайхны кинонууд дээр хорлогдож нас барж буйгаар гардаг. Д.Сүхбаатар насан эцэслэхийнхээ өмнө “Эрхэм нөхөд та бүхэн одоогийн явуулан буй намын бодлого ба засгийн хэрэг явдлыг уг зорилгод нийлүүлж, ард түмний эрх чөлөөг мандуулж, аливаа дотоод, гадаадын эзэрхэг харгисуудын гар савраас ангижруулан ард түмнийг асран хамгаалах гэгээн замыг удирдан жолоодохыг эрхэмлэ!”, “Миний бие алтан амийг алдавч ариун санаат нөхөд минь залгамжилж, элдэвт хичээн зүтгэж ардын төрийг мандуул!” гэж гэрээсэлжээ.
Товч намтар
• 1893.2.2-нд Ариунзаяагийн ахлах зарцын бага хүү болж төрсөн юм.
• 1911 онд цэргийн албанд ирж, пулемёт сумангийн даргаар ажилласан.
• 1918 онд эх орныхоо төлөө дайнд оролцож баатар цолоор шагнагдав.
• 1919 оны Ардын хувьсгалын удирдагчдын нэг, оросын хувьсгалчидтай холбоо тогтооход онцгой үүрэг гүйцэтгэсэн.
• 1921.3.1 нд МАН-ын анхдугаар их хуралд төлөөлөгчөөр оролцжээ.
• 1922.7 сард Цэргийн яамны сайд, Бүх Цэргийн жанжнаар томилогдсон.
• 1923.11 сард ЗОУ-д очиж хоёр улсын хоорондох найрамдлын гэрээнд гарын үсэг зурж, Владимир Ильич Ленинтэй уулзав.
• 1923.2.20-нд 33 настайдаа хорлогдож таалал төгссөн.
Эх сурвалж: mn.wikipedia.org


















