Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Дани улс Германтай хиллэдэг хэсгийнхээ дагуу хашаа хатгажээ

Дани улс гахайн мялзан өвчнөөс сэргийлэх зорилгоор Германтай хиллэдэг хэсгийнхээ дагуу хашаа хатгаж дууслаа.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дани улс Германтай хиллэдэг хэсгийнхээ дагуу хашаа хатгажээ
Дани улс Германтай хиллэдэг хэсгийнхээ дагуу хашаа хатгажээ. Зураг: МҮОНРТ

Дани улс гахайн мялзан өвчнөөс сэргийлэх зорилгоор Германтай хиллэдэг хэсгийнхээ дагуу хашаа хатгаж дууслаа. Зэрлэг гахай орж ирэхээс сэргийлсэн энэ арга хэмжээ нь хоёр улсад нэлээд маргаан дэгдээж байсан юм.

Балтийн тэнгисээс Умард тэнгис хүртэл 70 орчим километр үргэлжилсэн, 1.5 метр өндөр энэ хашааг 10 сарын хугацаанд барьж дуусгасан байна. Анх энэ төсөлд 10 сая еврогийн зардал гарна гэж тооцоолж байсан ч 6 сая еврог зарцуулж, хэмнэж чадсан гэж Данийн талаас мэдээлжээ.

Ингэхдээ хилийн болон усан замын нэвтрэх 20 хэсгийг хашаалаагүй үлдээсэн аж. Энэ хэсгүүдэд зэрлэг гахайг үнэрээр үргээхээр төлөвлөж байна. Түүнчлэн аялж зугаалж байгаа хүмүүст зориулан хиймэл саадыг нэвтрэх хаалга хүртэл гаргажээ.

Дани улс орлогын гол эх үүсвэрийнхээ нэг болсон гахайн аж ахуйгаа гахайн мялзан өвчнөөс хамгаалахын тулд ийнхүү хашаа хатгасан юм. Саяхан Польшийн Германтай хиллэдэг хэсгийн ойролцоо үхсэн зэрлэг гахайн сэг зэм олдож, шинжилгээгээр гахайн мялзангийн халдвар авсан нь тогтоогдсон.

Одоогийн байдлаар Германд энэ өвчний тохиолдол бүртгэгдээгүй байна. Хэрвээ Дани улсын нутаг дэвсгэрт энэ өвчин илэрвэл тус улс Европын холбоондоо гахайн мах нийлүүлэлтээ зогсоохоос өөр аргагүй болно. Энэ улс гахайн аж ахуйгаасаа жилд 1.5 тэрбум орчим евро олдог юм.

Хуваалцах