Дархан-Уул аймагт "Хепатитийг бууруулахад хувь нэмрээ оруулцгаая" өдөрлөг боллоо
Монгол Улс “Вируст хепатитийн эрүүл мэндийн салбарын дэлхийн стратеги 2016-2021”-ийн зорилтод хүрэхэд дэмжлэг үзүүлэх, хүн амаа хепатитийн вирусын халдвараас урьдчилан сэргийлэх,
Мэдээллийн алба

Монгол Улс “Вируст хепатитийн эрүүл мэндийн салбарын дэлхийн стратеги 2016-2021”-ийн зорилтод хүрэхэд дэмжлэг үзүүлэх, хүн амаа хепатитийн вирусын халдвараас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэн эмчлэх, улмаар элэгний хатуурал, элэгний хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах зорилгоор “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.
2017 онд эхлүүлсэн “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр нь 2020 он гэхэд Монгол Улсын хүн амын дунд вируст хепатитийн халдварын тархалтыг хязгаарлан, С вируст хепатитийн халдварын шинэ тохиолдлыг 2020 он гэхэд таслан зогсоож, вируст хепатитийн үүдэлтэй элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаант нас баралтыг эрс бууруулах өндөр зорилт тавин ажиллаж байна.
Жил бүрийн долоодугаар сарын 28-ны өдрийг ДЭМБ-ын гишүүн орнууд хепатиттай тэмцэх дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн зорилтуудтай уялдуулан энэ жилийн өдрийг “Хепатитийг устгахад хувь нэмрээ оруулцгаая” уриан дор Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр орон даяар зохион байгуулж буй юм.
Дэлхийн Хепатитийн өдөр-2019, Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй "Хепатитийг бууруулахад хувь нэмрээ оруулцгаая" өдөрлөг өнөөдөр Дархан 50 цогцолбор дээр Эрүүл мэндийн газраас гаргасан удирдамжийн дагуу аймгийн Нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүд, эмийн томоохон байгууллагууд хамтран элэгний В, С вирусийн шинжилгээ, нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө, эрүүл мэндийн даатгалд зорилтот бүлгийн хүн амыг хамруулах зэрэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 560 гаруй иргэдэд үзүүлж ажиллав.
Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ


















