Дархан-Уул аймагт өршөөлөөр суллагдах иргэдийн талаар танилцуулав
Энэ үеэр хорих 435 дугаар ангийн дарга, хурандаа В.Хосбаяр Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу тус хорих ангиас суллагдах болон хуульд хамрагдах ялтны талаар мэдээлэл танилцуулав.
Мэдээллийн алба

Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комисс Пүрэв гарагт Дархан-Уул аймагт ажиллалаа. Энэ үеэр хорих 435 дугаар ангийн дарга, хурандаа В.Хосбаяр Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу тус хорих ангиас суллагдах болон хуульд хамрагдах ялтны талаар мэдээлэл танилцуулав. Өршөөл үзүүлэх тухай хуульд тус хорих ангиас 197 ялтан хамрагдаж, 126 хүн суллагдаж байгаа бол 51 хүний ял хасагдаж, 20 хүн хамрагдах юм байна.
Мөн аймгийн Цагдаагийн газар хяналтад байгаа этгээдүүдийн хяналтыг зогсоох, хувийн хэргийг хаах бэлтгэл ажлыг ханган, ажлын төлөвлөгөө гарган тухай бүр гүйцэтгэлийг ханган ажилласан болохоо комиссын бүрэлдэхүүнд мэдээлсэн юм. Түүнчлэн дээрх ажлын хүрээнд хорих ангиас хугацаанаасаа өмнө суллагдсан 25, хорих 435 дугаар ангиас Өршөөлийн хуульд хамрагдан суллагдах магадлалтай 120 ялтанд нийгмийн халамж үйлчилгээнд хамруулах, ажлын байранд зуучлах, тэтгэлэг төсөлд хамруулах талаар “Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс”, “Эзэн хичээвэл заяа хичээнэ” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагуудтай хамтран сургалт, сурталчилгааны ажлуудыг зохион байгуулжээ.
Дархан-Уул аймгийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх П.Мөнхзул жирийн дэглэмтэй 445 дугаар хорих анги, чанга дэглэмтэй 435 дугаар хорих ангиас Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж буй ялтнуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулав. Мөн Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн шүүхүүдийн хэмжээнд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуулийг хэрэгжүүлж буй явцын талаарх мэдээллийг комиссын гишүүдэд танилцуулсан юм.


















