Дата сэтгүүл зүйн хакатонд МҮОНРТ-ийн “Setup” баг түрүүллээ
Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв, ХБНГУ-ын Дойче Велле Академи хамтран Монголд анх удаа дата сэтгүүл зүйн хакатоныг амжилттай зохион байгууллаа.
Мэдээллийн алба

Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв, ХБНГУ-ын Дойче Велле Академи хамтран Монголд анх удаа дата сэтгүүл зүйн хакатоныг амжилттай зохион байгууллаа. Нээлттэй мэдээллийн санг үр дүнтэй ашиглаж, дата сэтгүүл зүйн чанартай бүтээл гаргадаг 36 цагийн хакатон өнгөрсөн амралтын өдрүүдээр үргэлжилж ялагчаа тодруулсан юм.
I байрт МҮОНРТ-ийн “Setup” баг "Тушаатай мөрөөдөл" буюу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тэгш хүртээмжтэй боловсорч, хөгжиж чадахгүй байгааг англи хэл, дохионы хэлтэй видео бичлэгээр харуулсан юм.
II байрт Орон нутгийн “Steppe” баг “Гэр бүл салалт ба хүүхдийн эрхийн тэгш бус байдал” сэдвээр хийсэн анимэйшн бүтээл.
III байрт "GoHack" баг “Уул уурхай дагасан хандивын тэгш бус хуваарилалт” сэдвээр хийсэн бүтээлээр шалгарсан бол "Менторуудын Сонголт" шагналыг “Shift” баг орон нутгийн иргэд эрүүл мэндийн хүртээмж дутмагаас хот руу нүүж ирэх хандлага их. Гэхдээ хотод ирээд эрүүл мэндийн асуудлаа шийдэж чадаж байгаа эсэхийг хөндсөн бүтээлээрээ хүртлээ.
“Тэгш бус байдлыг тэгшитгэе” 36 цагийн хакатонд оролцогчдын хамгийн их ашигласан, гол эх сурвалжаа болгосон мэдээллийн сайт нь Үндэсний статистикийн хорооны WWW.1212.MN Статистикийн мэдээллийн нэгдсэн сан байв.
Г.Батзаяа: График дизайнер, дата аналист чиглэлээр мэргэшсэн хүмүүсээр багаа бүрдүүлэх нь чухал

Энэ үеэр I байрт орсон “Setup” багийн ахлагч Г.Батзаяагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Бүтээлийн сэдвийн хүрээнд дата мэдээллээ хаанаас цуглуулав?
-Үндэсний статистикийн хорооноос Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дата мэдээлэл авсан. Энэ датагаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тоог нийслэл, аймаг бүрээр нь харж болохоос гадна хэд нь сургуульд сурдаг, сурдаггүй тухай дэлгэрэнгүй харж болохоор байв. Мөн БСШУСЯ-ны 2018-2019 оны хичээлийн жилийн статистик мэдээлэл дээр тулгуурлаж, үндсэн датагаа бүрдүүлсэн.
-Цуглуулсан тоон мэдээлэл, дата, өгөгдөл дээр аналист, дүн шинжилгээ хийхэд ямар хүндрэл бэрхшээл тулгарч байв?
-Үндэсний статистикийн хорооноос авсан сургуульд сурдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тоон мэдээлэл, БСШУСЯ-ны 2018-2019 оны хичээлийн жилийн тоон мэдээлэлтэй зөрүүтэй байсан. Гэхдээ энэ хоёр мэдээлэл нь оны хувьд ялгаатай тул, бид ҮСХ-ны мэдээллийн датаг гол эх сурвалжаа болгож ашигласан. Мөн сэдэв өнцгөө тодорхойлох, датагаа боловсруулах, ямар гарц шийдэл санал болгож болох вэ гэдэгт менторууд маш их туслалцаа үзүүлсэн.
-Дата сэтгүүлзүйн хакатоноос олж авсан гол туршлага болоод цаашдаа сэтгүүлзүйн бүтээлд тэр дундаа дата баримтад суурилсан бүтээл гаргахад юунд анхаарах шаардлагатайг олж харав?
-Хэвлэл мэдээллийн редакцууд дан ганц сэтгүүлч ажиллуулахаас гадна, график дизайнер, дата аналист чиглэлээр мэргэшсэн хүмүүсээр багаа бүрдүүлэх нь чухал гэж харж байна. Ингэснээр дата сэтгүүлзүйн чанартай бүтээл хийх боломжтой.





Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо


















