Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Давтан вакцинжуулалтын ажил ирэх сарын 4-нд дуусна

Энэ сарын 1-нээс эхлэн Багахангай, Багануур, Сонгинохайрхан, Хан-уул, Сүхбаатар, Баянзүрх, Налайх, Чингэлтэй дүүрэгт 90 622 толгой малд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийжээ. Нийслэлийн хэмжээнд вакцинжуулалтын явц 30.4 хувьтай байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Давтан вакцинжуулалтын ажил ирэх сарын 4-нд дуусна
Давтан вакцинжуулалтын ажил ирэх сарын 4-нд дуусна. Зураг: МҮОНРТ

Зүүн гурван аймагт гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний нян нийслэлд тээвэрлэгдэн орж ирэхээс урьдчилан сэргийлэх ажил үргэлжилж байна. Хотын мал бүхий өрхийн малыг вакцинжуулах ажлыг зохион байгуулах талаар Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэр дэх малд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх нэгдүгээр ээлжийн вакциныг энэ сарын 3-10-ны өдрийн хооронд бүрэн хамруулж, хоёр дахь ээлжийн вакцинжуулалтыг энэ сарын 24-ний өдрөөс ирэх сарын 4-ний өдрийн хооронд давтан вакцинжуулах ажлыг зохион байгуулж хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мал эмнэлгийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газарт тус тус үүрэг болгосон. Вакцинжуулалтын ажилд мал бүхий иргэд, аж ахуйн нэгж, орон нутгийн төрийн захиргааны байгууллагуудыг татан оролцуулан, ажиллах хүн хүч, тээврийн хэрэгслээр ханган ажиллаж, тогтоосон хугацаанд вакцинжуулалтын ажлыг шуурхай зохион байгуулахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосон байна. Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтыг зохион байгуулах ажлын хүрээнд 88.102.900 /наян найман сая нэг зуун хоёр мянга есөн зуу/ төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэсэн бөгөөд нийслэлийн Мал эмнэлгийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар тогтоосон хугацаанд зохион байгуулж шаардагдах вакцин, эм урвалж, халдвар хамгааллын хувцас, халдваргүйтгэлийн бодис, бусад материалаар ханган мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажлын явцад хяналт тавьж ажиллана. Энэ сарын 1-нээс эхлэн Багахангай, Багануур, Сонгинохайрхан, Хан-уул, Сүхбаатар, Баянзүрх, Налайх, Чингэлтэй дүүрэгт 90 622 толгой малд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийжээ. Нийслэлийн хэмжээнд вакцинжуулалтын явц 30.4 хувьтай байна.

Хуваалцах