Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дэд сайд Д.Ганхуяг НҮБ-ын II бага хуралд оролцоно

Нэгдсэн Үндэстний Байгууллагын зургаан гишүүн тутмын 1 нь далайд гарцгүй, хөгжиж байгаа орнууд байдаг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Дэд сайд Д.Ганхуяг НҮБ-ын II бага хуралд оролцоно
Дэд сайд Д.Ганхуяг НҮБ-ын II бага хуралд оролцоно. Зураг: МҮОНРТ

Нэгдсэн Үндэстний Байгууллагын зургаан гишүүн тутмын 1 нь далайд гарцгүй, хөгжиж байгаа орнууд байдаг. НҮБ тэдгээр далайд гарцгүй, хөгжиж буй орон /ДГХБО/-ны өмнө тулгарч буй асуудлууд, өвөрмөц хэрэгцээ шаардлагын талаарх арван жил тутамд нэг Бага хурал хийж хэлэлцдэг. Казахстан Улсад 2003 онд болсон НҮБ-ын анхдугаар Бага хурлаар ДГХБО-дад тулгардаг хүндрэл бэрхшээлийг даван туулах, худалдаа, тээврийн нөхцлийг хөнгөвчлөхөд чиглэсэн Алматын үйл ажиллагааны арван жилийн хөтөлбөрийг батлан гаргасан билээ.

ДГХБО-ын өвөрмөц хэрэгцээ шаардлагыг олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд хэлэлцэх НҮБ-ын хоёрдугаар Бага хурал Австрийн Холбооны Улсын нийслэл Вена хотноо 2014 оны 11 дүгээр сарын 3-5-нд зохион байгуулагдана. НҮБ-ын энэ удаагийн Бага хурлаар Алматын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэж, 2015 оныг хүртэлх арван жилийн хугуацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэн батлах юм.

Алматын үйл ажиллагааны хөтөлбөр нь ДГХБО-дад тулгардаг бэрхшээл, сорилтыг олон улсын хэмжээнд тайлбарлан таниулах, даван туулах арга замуудыг үндэсний бодлогод тусгахад жинтэй хувь нэмэр оруулсан гэж судлаачид үздэг. Монгол Улсын хувьд Алматын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх үндэсний илтгэлээ 2013 онд боловсруулж, НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон жижиг арлын орнуудын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгчийн албанд хүргүүлсэн болно.

ДГХБО-ын асуудлаарх НҮБ-ын хоёрдугаар Бага хурлын бэлтгэл ажилд манай улсын Засгийн газар, бизнес эрхлэгчид болон иргэний нийгмийн байгууллагууд идэвхтэй оролцож, “Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр: ДГХБО-дад үзүүлэх нөлөөлөл” сэдэвт олон улсын өндөр түвшний хурлыг 2014 оны 6 дугаар сард Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан нь НҮБ болон ДГХБО-уудад өндөр үнэлэгдсэн юм.

ДГХБО-ын асуудлаарх НҮБ-ын хоёрдугаар Бага хурал Алматын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай Ерөнхий нарийн бичгийн даргын, Засгийн газар хоорондын бэлтгэл хорооны, Бүсийн хуралдаануудын тайлан илтгэлүүдийг авч хэлэлцээд ДГХБО-ын 2014-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг батлах юм. Бага хурлын үеэр сэдэвчилсэн олон уулзалт, арга хэмжээ зохиогдохоос гадна бизнес, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт, экспортын бараа, үйлчилгээний болон ДГХБО-дын ололт амжилт, тавьж буй зорилтуудыг илтгэн харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэн үзүүлнэ.

Энэхүү бага хуралд Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дэд сайд Д.Ганхуяг тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид оролцох юм. Монгол Улсын төлөөлөгчид Бага хуралд оролцохдоо шинэчлэлийн Засгийн газрын бодлого, тэргүүлэх чиглэл, далайд гарцгүйгээс үүдэлтэй хүндрэл бэрхшээлийг даван туулах, тогтвортой, ногоон хөгжлийг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулахын хамт манай улсын санаачилсан “ДГХБО-ын Олон улсын судалгааны төв”-ийг үүсгэн байгуулах тухай олон талт хэлэлцээрт нэгдэн орохыг уриалах, ДГХБО-ын 2014-2024 онд баримтлах үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэн батлах, Мянганы хөгжлийн зорилтод суурилсан 2015 оноос хойшхи хөгжлийн зорилтуудад ДГХБО-ын ашиг сонирхлыг тусгах зэрэг асуудлаар Засгийн газрынхаа байр суурийг илэрхийлж үг хэлнэ.

Мөн сэдэвчилсэн дугуй ширээний уулзалт болон зэрэгцээ арга хэмжээнүүдэд оролцон, 2014 оны зургаадугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулсан олон улсын өндөр түвшний хурлаар хэлэлцсэн судалгааны үр дүнг танилцуулах тусгай арга хэмжээг НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хуралтай хамтран зохион байгуулах, Монголын гэрэл зурагчдын бүтээлүүдийг сонсирхуулахаар ажиллаж байна.

Бага хурлын үеэр манай төлөөлөгчдийн тэргүүн НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс, Дэлхийн Банкны болон далайд гарцгүй хөгжиж буй зарим орны төлөөлөгчидтэй уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.

Хуваалцах