Дээрэм хийсэн эрүүгийн төлөөлөгчийг саатуулан шалгаж байна
ингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Толла” хүнсний дэлгүүрт уржигдар 22 цагийн үед баг зүүсэн этгээд халдаж, хийн буугаар сүрдүүлэн орлогоо өгөхийг шаарджээ.
Мэдээллийн алба

Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Толла” хүнсний дэлгүүрт уржигдар 22 цагийн үед баг зүүсэн этгээд халдаж, хийн буугаар сүрдүүлэн орлогоо өгөхийг шаарджээ. Энэ үед дэлгүүрийн ээлжийн ажилчид бүгдээрээ байсан учраас гэмт этгээдийг барьж, дуудлага өгсөн байна. Гэтэл энэ этгээд нь Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн төлөөлөгч 33 настай Э гэгч байжээ. Хэргийг одоо УЕП-ын дэргэдэх мөрдөн шалгах хэлтэст Эрүүгийн хуулийн 147 буюу бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэн, саатуулан шалгаж байна. Э нь ОХУ-д эрх зүйч мэргэжлээр төгссөн, цагдаагийн ахмад цолтой хүн юм байна. Нэмж дуулгахад тус дэлгүүрийг өмнө нь хоёр ч удаа ийм байдлаар дээрэмдсэн бөгөөд тухайн үед оргосон хоригдлууд үйлдсэн байж болзошгүй хэмээн цагдаагийнхан эрэн сурвалжилж байжээ.


















