Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Дэлхий шашны өдөр”-ийг тэмдэглэлээ

Монголын Бахайчуудын үндэсний оюун санааны чуулганаас Дэлхийн шашны өдрийг "Гэр бүлийн хөгжил" сэдвийн дор өнгөрсөн ням гарагт "Чингис хаан" зочид буудалд тэмдэглэв.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
“Дэлхий шашны өдөр”-ийг тэмдэглэлээ
“Дэлхий шашны өдөр”-ийг тэмдэглэлээ. Зураг: МҮОНРТ

Монголын Бахайчуудын үндэсний оюун санааны чуулганаас Дэлхийн шашны өдрийг "Гэр бүлийн хөгжил" сэдвийн дор өнгөрсөн Ням гарагт "Чингис хаан" зочид буудалд тэмдэглэв.

Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамнаас энэ оныг “Гэр бүлийн хөгжил”-ийг дэмжих жил болгон зарласан, мөн "Миний гэр бүл" хүүхэд хөгжлийн хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэхээр болсонтой холбогдуулж тус чуулганыг "Гэр бүлийн хөгжил" сэдвийн дор зохион байгууллаа. Энэ үеэр шашнуудын төлөөллүүд "Гэр бүлийн хөгжил" сэдвийн дор мөргөл уншлага үйлдэж, 5-10 минутын илтгэл яриа хийн, хамтдаа бясалгаж, уригдаж ирсэн олонтой санал бодлоо нээлттэй хуваалцлаа.

Гэр бүлийн ариун байдал, өрх бүл доторх эрх тэгш харьцаа, хүүхдэд багаас нь оюун санааны боловсрол, хүмүүжил олгох, эцэг эх өөрсдөө тэдний анхны үлгэр жишээч багш байх зэрэг асуудлаар шашны төлөөллүүдийн айлдсан сургаалууд нь бүгд нэг оюун санааны үнэн сургаалаас эх үүсвэртэйг батлан харуулж байв. Эдгээр нийтлэг оюун санааны сургаалуудыг гэр бүл, сургууль, нийгмийн бүхий л хүрээний амьдралд нэвтрүүлэн хэрэгжүүлэхэд шашны төлөөллүүд их үүрэг хүлээж байгааг онцлон ярилцлаа. Энэ арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны асуудал эрхлэх Зөвлөлийн Гишүүн С. Цэдэндамба, Монгол Улсын гавъяат багш Ц.Түвшинтөгс болон төр, төрийн бус байгууллагуудын төлөөлөл, хувь хүмүүс хүрэлцэн ирэв.

Дэлхийн шашны өдрийг тэмдэглэхийн эрхэм зорилго нь шашин шүтлэг хоорондын ойлголцол болон эв эеийг тогтоохын төлөө бүхий л шашны нийтлэг шинж чанарыг тэмдэглэн, хамтын хүчээр хүн ард, улс үндэстнүүдийн эв нэгдэл, энх тайвны төлөө сэтгэл санаа, хүч оюунаа зориулах явдал юм. Энэхүү өдрийг анх АНУ-ын Бахайчуудын үндэсний оюун санааны чуулганаас 1950 онд санаачлан зохион байгуулснаас хойш жил бүрийн нэгдүгээр сарын 3 дугаар долоо хоногийн бүтэн сайнд дэлхийн 100 гаруй улс оронд уламжлал болгон тэмдэглэж ирсэн байна. Монголд энэхүү арга хэмжээг Монголын Бахайчуудын үндэсний оюун санааны чуулга 1999 оноос эхлэн Монгол дахь шашнуудын төлөөлөл, оюун санаа, боловсрол гэгээрлийн сургаал, зарчмуудын талаар сонирхож ажилладаг байгууллага, хувь хүмүүс, эрдэмтэн мэргэдийн төлөөллийг урин тэмдэглэдэг уламжлалтай болжээ.

Түлхүүр үг:Дэлхий шашны өдөр
Хуваалцах