Дэлхийн философийн өдрийг тэмдэглэж байна
ЮНЕСКО-оос жил бүр дэлхийн философийн өдрийг тэмдэглэдэг билээ. Энэ жил дэлхийн философийн өдрийг тохиолдуулан Монголын Философийн Холбоо, ШУА-ийн Философийн хүрээлэн,
Мэдээллийн алба

ЮНЕСКО-оос жил бүр дэлхийн философийн өдрийг тэмдэглэдэг билээ. Энэ жил дэлхийн философийн өдрийг тохиолдуулан Монголын Философийн Холбоо, ШУА-ийн Философийн хүрээлэн, МУИС, ХААИС, ЮНЕСКО-ийн МҮК зэрэг боловсрол, соёл, шинжлэх ухааны төрийн болох ТББ хамтран эрдэм шинжилгээний хурлуудыг амжиллтай зохион байгууллаа.
НҮБ-ийн гишүүн 193 орны төрийн тэргүүд бүгд санал нэгтэйгээр “Тогтвортой хөгжлийн зорилтууд"-ыг батлаад багагүй хугацаа өнгөрлөө. Хүн төрөлхтөн 2030 он гэхэд улс орнууд ядуурлыг устгаж, тэгш бус байдалтай тэмцэн, уур амьсгалын өөрчлөлтөөс сэргийлэх зэрэг 17 зорилтыг дэс дараатай хэрэгжүүлэх ёстой. Иймд энэ удаа тогтвортой хөгжил сэдвийн хүрээнд хурал зохион байгуулж байна.
МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимээс 11-р сарын 19-ний өдөр тогтвортой хөгжлийн нэг үндсэн асуудал болох байгаль орчныг хамгаалах ногоон ёс зүйн тулгамдаж буй асуудлыг тодорхойлох зорилгоор “Тогтвортой хөгжил: Ногоон ёс зүй” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа. Тус хуралд МУИС, ШУТИС, СУИС, АШУҮИС, ХААИС, ШУА-ийн Философийн хүрээлэн, Боловсролын хүрээлэн, Отгонтэнгэр Их Сургууль, Мандах Их Сургууль, Их Засаг Их Сургууль, Ховд Их Сургууль, Завхан аймгийн Элдэв-Очирын нэрэмжит ЕБС, Эрин Эверест Интернэйшнэл сургуулийн эрдэмтэн багш нар, судлаачид
Уламжлалт ёс зүйн сэтгэлгээн дэх байгаль хамгааллын ёс зүйн асуудал,
Экологийн ёс зүйн орчин үеийн онол-практикийн асуудлууд,
Байгаль орчны хамгаалал ба нийгмийн сүлжээ,
Экологийн ёс зүйн боловсролын агуулга, чанар, үр дүнг сайжруулах асуудал зэрэг сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүллээ.
Философийн салбарын эрдэмтэд сүүлийн үед монголын нийгмийн хөгжлийн оюун санааны асуудалд онцгойлон анхаарч энэ талаар судалгааны бүтээлүүд хэвлүүлээд байна.
Арваннэгдүгээр сарын 21-ний өдөр ШУА-ийн Философийн хүрээлэн, Монголын Философийн Холбоо, ЮНЕСКО-ийн МҮК, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей хамтран “Тогтвортой хөгжил ба оюуны соёлын өв” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж ОУСДС-ийн үүсгэн байгуулагч, профессор Д.Дашпүрэв “Монголын оюун санаа: Монголын түүх бичлэгийн үндсэн үзэл санаа”, СУИС-ийн профессор С.Дулам “Монголчуудын үндэсний ижилсэл-ондоошлын тэмдэг, бэлгэдлийн судалгаа”, ШУТИС-ийн профессор А.Энхбаатар “Монгол дахь философийн хөгжил: индигенизаци”, Монгол Улсын Консерваторийн дэд захирал, доктор Ш.Ариунаа “Аж үйлдвэрийн IV хувьсгалын үед соёл хоорондын харилцаа чухалчлагдах нь”, Отгонтэнгэр Их сургуулийн профессор Б.Галиндэв “Өнөөгийн Монголын нийгмийн оюун санааны орон зайн төлөв байдал, агуулга, чиг хандлага”, С.Одхүү “Монгол менталитетийн асуудал”, доктор Д.Гантөмөр “Монголын оюун санааны тогтвортой хөгжлийн асуудалд”, Б.Дэлгэрмаа “Тогтвортой хөгжилд үндэсний соёл чухал болох нь”, докторант Ц.Мөнх-Эрдэнэ “Монголчуудын бичиг соёлын өв уламжлал ба хэрэглээ” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.
Мөн 11 дүгээр сарын 18-24-ний өдрүүдэд Улаанбаатар Хотын Нийтийн Төв Номын сан, Монголын Үндэсний Номын Санд философийн номын үзэсгэлэн зохион байгуулж байна.


















