Дэлхийн ихэнх улс орон аюулгүйн зөвлөлийн гишүүн улсын тоог нэмэх саналыг дэмжиж байна
НҮБ-ын гишүүн ихэнх улс орон Аюулгүйн зөвлөлийн гишүүдийн тоог нэмэхийг дэмжсэн байна. Гэхдээ Аюулгүйн зөвлөлийг хэрхэн шинэчлэх асуудлыг тодорхойлж хараахан чадаагүй байна.
Мэдээллийн алба

НҮБ-ын гишүүн ихэнх улс орон Аюулгүйн зөвлөлийн гишүүдийн тоог нэмэхийг дэмжсэн байна. Гэхдээ Аюулгүйн зөвлөлийг хэрхэн шинэчлэх асуудлыг тодорхойлж хараахан чадаагүй байна. Өчигдөр НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар Аюулгүйн зөвлөлийн шинэтгэлтэй холбоотой асуудлыг хэлэлцэхэд оролцогчид дээрх дүгнэлтэд хүрсэн байна.
НҮБ-ын Ерөнхий ассамблейн тэргүүн Фернандо Эспиноса Аюулгүйн зөвлөлийн шинэтгэл бол хамгийн амаргүй , дипломат ихээхэн хүчин чармайлт шаардлагатай асуудал хэмээн тодорхойлсон байна. Шинэтгэлийн энэ асуудлыг эцэслэн шийдэхэд НҮБ ын гишүүн орнуудад туслах 2 зохицуулагчаар Арабын нэгдсэн Эмирт улсын төлөөлөгч ЛанаЗаки Нуссейбе, Люксембургийн төлөөлөл КристианБраун нарыг сонгоод байна. Ер нь бол НҮБ ын аюулгүйн зөвлөлийн шинэтгэлийн асуудлыг ярьж эхэлснээс хойш энэ онд яг 10 жил болж байна. энэ хэлэлцүүлэгт оролцогчдын ихэнх нь аюулгүйн зөвлөлийн хүрээг тэлж гишүүдийг нь нэмэх ёстой гэж үздэг.
Харин байнгын гишүүдийг тоог хэрхэн нэмэх, ямар улс орнуудын төлөөллийг оролцуулах дээр санал зөрөлдөөн үүсдэг юм. Бразил, Энэтхэг, Япон, Герман улсууд Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн улс болох хүсэлтээ нэгдсэн байдлаар гаргасаар бас олон жилийг үдэж байгаа юм.Харин Аргентин, Итали, Канад, Колумб, Пакистан улсууд байнгын бус гишүүн орон болох хүсэлтэй илэрхийлж ирсэн. Тэд байнгын бус гишүүн орны тоог 16 болгож Африкийн бүсэд 6, Ази Номхон далайн бүс нутагт 5, Баруун Европын орнуудад 3, Зүүн Европт 2 суудал олгох нь зүйтэй гэсэн саналыг ч тавьж байгаа билээ.
Мөн шинэтгэлтэй холбоотой асуудлууд дотор аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүдийн хориг тавих эрхийг хасах санал ч яригддаг юм.


















