"Дэлхийн хуримтлалын өдөр"-ийг тэмдэглэлээ
Монгол Улсад Дэлхийн хуримтлалын өдрийг МБХолбооны санаачилгаар 2012 оноос эхлэн тэмдэглэж эхэлсэн
Мэдээллийн алба

Монгол Улсад Дэлхийн хуримтлалын өдрийг МБХолбооны санаачилгаар 2012 оноос эхлэн тэмдэглэж эхэлсэн бөгөөд хуримтлалын талаарх мэдээллийг олон нийтэд хүргэж сурталчлах ажлыг гишүүн байгууллагуудтайгаа хамтран зохион байгуулж иржээ.
“Дэлхийн хуримтлалын өдөр”-ийн хүрээнд олон нийтэд хандсан аяныг Дархан хотноо хоёр дахь жилдээ зохион байгууллаа. Тус аяны үйл ажиллагаа 2019 оны 11 дүгээр сарын 6-нд Залуучууд театрт болсон юм. Аяны үйл ажиллагаанд Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, ХБНГУ-ын Шпаркассэ Банкны Сангийн суурин төлөөлөгч И.Гэрэлчулуун болон Хадгаламжийн Даатгалын Корпорацийн төлөөлөл, Монголбанкны Дархан салбар болон арилжааны банкууд оролцож хуримтлалын ач холбогдлын талаар иргэд олон нийтэд ойлголт мэдээлэл өглөө.
Мөн арилжааны банкууд өөрсдийн хадгаламжийн бүтээгдэхүүн болон аяны хүрээн дэх урамшууллаа танилцуулж, данс нээхийн зэрэгцээ Монголбанкны Дархан салбар болон арилжааны банкуудын төлөөлөлд хуримтлалын бэлгэ тэмдэг шаазан тэмээг гардуулсан юм.
Дэлхийн хуримтлалын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх санаачилга анх Италийн Милан хотноо 1924 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулагдсан Олон улсын Хадгаламжийн банкны нэгдүгээр чуулганы үеэр гарсан бөгөөд Италийн профессор Филиппо Равизза чуулганы сүүлийн өдөр 10 дугаар сарын 31-ний өдрийг “Олон улсын хуримтлалын өдөр" хэмээн зарлан тунхаглажээ.
Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ


















