Дэлхийн нийт бог малын 62.5 хувь нь мялзан өвчний эрсдэлд байна
Дэлхий даяар 1942 оноос хурдтай тархаж буй малын гоц халдварт өвчнүүдийн нэг, эдийн засгийн хувьд асар их хохирол дагуулдаг өвчин нь бог малын мялзан юм.
Мэдээллийн алба

Дэлхий даяар 1942 оноос хурдтай тархаж буй малын гоц халдварт өвчнүүдийн нэг, эдийн засгийн хувьд асар их хохирол дагуулдаг өвчин нь бог малын мялзан юм. НҮБ-ын ХХААБ-ын 2014 оны мэдээллээр дэлхийн нийт бог малын 62.5 хувь нь мялзан өвчний эрсдэлд байна гэж үзжээ. Энэ үнэлгээгээр манай орны баруун бүс эрсдэлтэй бүсэд тооцогдсон байна.
Бог малын мялзан өвчин нь Африкийн ихэнх оронд тархсан ч сүүлийн жилүүдэд төв Ази, зүүн өмнөд Ази, Ойрхи Дорнод, Араб болон Энэтхэг, Непал, Хятадын зүүн өмнөд хэсэг болон баруун хойд хэсэг, Казахстанд илрэх болсон байна. Манай хөрш орон БНХАУ-д анх 2007 онд бүртгэгдсэн ба 2014 оны эхний зургаан сарын байдлаар бог малын мялзан өвчний 244 удаагийн тохиолдол бүртгэгдэж өмнөх улирлаас 24.4 дахин нэмэгджээ.
Манай оронд гарсан анхны тохиолдол энэ оны наймдугаар сарын 24-нд бүртгэгдсэн байна. Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лабораторийн шинжилгээний дүнгээс харахад Ховд аймгийн Мянгад, Дөргөн сумын 420 гаруй бог мал өвчилж, Сумдын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоож, уг өвчинтэй тэмцэх түр заавар, зөвлөмжийн дагуу холбогдох арга хэмжээг хэрэгжүүлсэн байдаг. Харин хамгийн сүүлийн мэдээнээс харахад дөрвөн аймгийн 14 суманд мялзан өвчний голомт бүртгэгдээд байгаа юм.
Мялзан төст өвчин гэж:
Хонь, ямааг голдуу өвчлүүлдэг бог малын мялзан төст өвчин (БММТӨ)-ийг гоц халдварт вирус үүсгэнэ. Ялангуяа ямаанд их халтай бөгөөд ямаан сүргийн 80-100 хувийг өвчлүүлж, үхүүлэх тохиолдол бий. Нэгэн цагт Ойрх Дорнод, Африк, Азийн тодорхой нутгаар хязгаарлагдаж байсан БММТӨ Африк, Азийн бусад хэсэгт хүрээгээ тэлэх болжээ. Мөн халдвар, эмнэл зүйн шинж тэмдэг бүхий өвчлөл бусад туруут амьтан, ялангуяа гөрөөс болон бог малтай удам нэгт зэрлэг амьтад, тэмээ, усны одос үхэрт бүртгэгдээд байна.
Шалтгаан
БММТӨ-ий вирус нь Paramyxoviridae овгийн Morbillivirus төрөлд хамаарна. Уг вирус генетикийн 4 удам (1-4)-д харьяалагдах хэд хэдэн омогтойгоос сүүлийн жилүүдэд 4 дүгээр удмын вирус зонхилон тархаж байна. БММТӨ-ий вирүс дэлхийгээс устсан үхрийн мялзангийн вирүстэй ойр төрөл.
Мэдрэмтгий амьтан
Гэршүүлсэн амьтдын хувьд БММТӨ нь үндсэндээ хонь, ямааг өвчлүүлнэ. Үүсгэгч вирус дангаар болон бусад эмгэг төрүүлэгчтэй хавсран тэмээ, усны одос үхрийг өвчлүүлсэн тохиолдол бий. Үхэр халдвар авч болох ч эмнэл зүйн шинж тэмдэг үзүүлдэггүй; мөн бусад амьтанд вирүс дамжуулдаг болох нь тогтоогдоогүй. Зориудаар вирус халдаасан гахай өвчлөөгүй нь эцсийн эзэн гэдгийг харуулж байна.
Гөрөөс, зээр, мөн бог малтай удам нэгт зэрлэг амьтад БММТӨ-ий вируст мэдрэмтгий. 1980-аад оны үед Саудын Арабт уг вирус зээр, бугыг нэгэн зэрэг өвчлүүлсэн тохиолдол бүртгэгдсэн. Гэвч зэрлэг хивэгч амьтад өвчний тархалтад чухал үүрэг гүйцэтгэдэг эсэх нь тодорхойгүй хэвээр байна. Мөн хонь, ямаанаас тусдаа зөвхөн зэрлэг хивэгч амьтдын дунд эргэлддэг вирус илрээгүй.
Хүнд халдах эсэх
Хүн БММТӨ-ий вируст мэдрэмтгий болох нь нотлогдоогүй.


















