Дэлхийн шатрын хоёрдугаар онлайн олимпиадын тэргүүн хэсгийн тэмцээн эхэллээ
Дэлхийн шатрын онлайн олимпиадад 155 орны баг, тамирчид таван хэсэгт хуваагдан тоглож байгаа бөгөөд Монголын үндэсний шигшээ багийн тамирчид тэргүүн хэсэгт өнөөдрөөс энэ сарын 15-ны өдрүүдэд тоглоно.
Мэдээллийн алба

Дэлхийн шатрын холбооноос 2021 оны 8 дугаар сарын 20-ноос 9 дүгээр сарын 15-ны хооронд www.chess.com сайт дээр зохион байгуулж буй Дэлхийн шатрын онлайн олимпиадад 155 орны баг, тамирчид таван хэсэгт хуваагдан тоглож байгаа бөгөөд Монголын үндэсний шигшээ багийн тамирчид тэргүүн хэсэгт өнөөдрөөс энэ сарын 15-ны өдрүүдэд тоглоно.
Монгол Улсын баг тамирчид 2020 оны Дэлхийн шатрын анхдугаар онлайн олимпиадад багийн дүнгээр эхний тавдугаар байранд шалгарсан амжилтаар 2021 оны Дэлхийн шатрын хоёрдугаар онлайн олимпиадад оролцож байна.
Мөн Монгол Улсын баг тамирчдын онлайн олимпиадад оролцох нөхцөлийг хангаж Мэдээлэл, технологийн үндэсний парк болон “Сorporate” зочид буудал дэмжин ажиллаж байгаа аж. Харин мэдээллийн дэмжигч байгууллагаар МҮОНРТ, MNC телевиз, шатрын мэдээллийг түгээн дэлгэрүүлэгч АBChess фейсбүүк хуудас ажиллаж байна.
Түүнчлэн тэргүүн хэсгийн тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын даргын ахлах зөвлөх, Монгол Улсын гавьяат хуульч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн, УИХ дахь Шатрын спортыг дэмжих бүлгийн ахлагч, МШХ-ны дэд ерөнхийлөгч Б.Саранчимэг нар хүрэлцэн ирж тамирчиддаа амжилт хүслээ. Мөн МШХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, Дэлхийн онлайн хоёрдугаар олимпиадад оролцох баг тамирчдын бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийн дарга Б.Наранбаатар, МШХ-ны гүйцэтгэх захирал Г.Оргил, МШХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Г.Даваахүү, Б.Ану нар нээлтийн арга хэмжээнд оролцлоо.


















