Дэлхийн сүүний өдрийг монголчууд анх удаа тэмдэглэнэ
Сүүний салбарыг хөгжүүлэх үндэсний зөвлөлөөс санаачлан Дэлхийн сүүний өдрийг Монгол Улсад анх удаагаа "Эх орны сүү-эрүүл хүнс, амьдралын баталгаа" уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.
Мэдээллийн алба

Сүүний салбарыг хөгжүүлэх үндэсний зөвлөлөөс санаачлан Дэлхийн сүүний өдрийг Монгол Улсад анх удаагаа "Эх орны сүү-эрүүл хүнс, амьдралын баталгаа" уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.
Тус ёслолын ажиллагаа энэ сарын 31-ний өдөр Чингисийн талбайд болох юм. Дэлхий нийтээрээ уг өдрийг 16 дахь удаагаа, харин манай улс анх удаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
ХХААЯ, НҮБ-ын ХХААБ-аас сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээнд олон нийтийн анхаарлыг хандуулах, сүүний салбарын хөгжлийг дэмжих, сүүний салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготойгоор сүүний өдрийг зохион байгуулж байна.
"Эх орны сүү-эрүүл хүнс, амьдралын баталгаа" уриатай энэ удаагийн арга хэмжээнд Нийслэлийн Захирагчийн алба, "Глобал Коммунитиес" ОУБ-ын "EMIRGE" хөтөлбөр, ЗЗБУМ төсөл болон сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Сүү” ХК, “АПУ” ХК, “ТЕСО-Милко” ХХК, “Витафит инвест” ХХК, “Монфрэш сүү” ХХК, "Сүүтэй Монгол" ТББ зэрэг компаниуд оролцох юм.
Дашрамд дурдхад хүний биед нэн шаардлагатай нэг өдрийн амин дэмүүд болох Кальци, Витамин D, Уураг, Фосфор болон цусны эргэлт сайжруулдаг тэжээллэг бодисуудыг хамгийн багадаа 200 гр сүү ууснаар олж авдаг байна. Тиймээс дэлхийн өндөр хөгжилтэй орнууд болох АНУ-д иргэд нь насны ангиллаараа өдөр бүр сүүг тогтмол хэрэглэдэг байна. Үүнд:
1-10 настай хүүхдэд 1-3 аяга (200-300гр) 4 хувийн тослогтой сүү,
11-18 настай хүүхдэд 4-5 аяга (300-500гр) 3.2 хувийн тослогтой сүү,
19-с дээш насны хүн өөрийн биеийн онцлогтой тохируулан 3 аяга (300-500гр) 0.1- 2.5 хувийн тослогтой сүүг хэрэглэж заншсан байна.
Хүн өдөрт хамгийн багадаа үйлдвэрийн аргаар боловсруулсан 200 гр сүү уух хэрэгцээтэй гэвэл жилд манай орны хувьд нийт сүүний хэрэглээ 204.4 сая литр сүү хэрэглэх ёстой. Гэтэл 2012 оны байдлаар Монгол Улсын сүүний хэрэглээ 41.8 сая литр буюу өдөрт нэг хүнд ноогдох сүүний хэмжээ дөнгөж 40 гр байгаа нь маш хангалтгүй үзүүлэлт юм. Энэхүү тоон үзүүлэлт нь хүн өдөрт сүүнээс авах ёстой амин дэмүүдийн дөнгөж 20 хувийг л авч байна гэсэн үг. Энэ нь сүүлийн үед манай оронд дэлгэрээд байгаа чимээгүй тахал хэмээн нэрлэгдэж буй шүд, ясны сийрэгжилт, кальцийн дутагдалд орох шалтгааны нэг болж байгаа юм.


















