Дэлхийн үнэлэмжийн судалгааг манай улсад хийхээр боллоо
ШУА-ийн Философийн хүрээлэн, Дэлхийн үнэлэмжийн судалгааны холбоо хамтран ажиллахаар санамж бичиг байгуулсан.
Мэдээллийн алба

ШУА-ийн Философийн хүрээлэн, Дэлхийн үнэлэмжийн судалгааны холбоо хамтран ажиллахаар санамж бичиг байгуулсан. Тус хамтын ажиллагаагаар “Дэлхийн үнэлэмжийн энэ жилийн судалгаа”-г Социологи, нийгмийн сэтгэл зүйн салбарын эрхлэгч, доктор н.Цэцэнбилэгийн удирдлага дор манай улсад зохион байгуулахаар болсон байна.
Дэлхийн үнэлэмжийн судалгааны холбоо нь Швед улсын Стокгольм хотод байрладаг нийгмийн болон улс төрийн амьдралд үзүүлж байгаа үр нөлөө, үнэт зүйлсийн өөрчлөлтийг судалдаг нийгмийн шинжлэх ухааны судлаач эрдэмтдийн дэлхий нийтийн сүлжээ бүхий олон улсын судлаачдын байгууллага юм.
1981 оноос хойш Дэлхийн үнэлэмжийн судалгааг өдгөө 115 оронд 400,000 орчим хүний дунд явуулжээ. Тус судалгаа нь эрдэмтэд, бодлого боловсруулагчдад дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүмүүсийн итгэл үнэмшил хийгээд үнэлэмж, сэдэлжилтийн өөрчлөлтийг бүрэн дүүрэн ойлгуулахыг зорьдгоороо онцлогтой.
Улс төрийн шинжлэх ухааны эрдэмтэн судлаачид, социологич, нийгмийн сэтгэл зүйчид, антропологич, эдийн засагч нарт эдийн засгийн хөгжил, ардчилал, шашин шүтлэг, жендэрийн тэгш байдал, нийгмийн капитал, хувь хүний сайн сайхан байдал зэрэг сэдвээр дүн шинжилгээ хийхэд мэдээллийн эх сурвалж, сан болдгоороо чухал ач холбогдолтой.
Түүнчлэн эдгээр мэдээллийг Засгийн газрын албан хаагчид, сэтгүүлчид, оюутнууд төдийгүй Дэлхийн банкны бүлгийнхэнд ч эдийн засгийн хөгжил болон соёлын хүчин зүйлсийн хоорондын уялдаа холбоог тодруулахад өргөнөөр ашигладаг гэж ШУА-ийн Философийн хүрээлэнгээс мэдээллээ.


















