ДЭМБ-ын НДББ-ийн захирал Такеши Касай НЭМҮТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа
Такеши Касайг хүндэтгэн хүлээн авсны дараа тус төвийн Ерөнхий захирал Д.Нарантуяа Монгол Улсын төрөөс нийгмийн эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, хэрэгжилт, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар танилцуулах илтгэл тавилаа.
Мэдээллийн алба

ДЭМБ-ын НДББ-ийн захирал Такеши Касай өнөөдөр НЭМҮТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Такеши Касайг хүндэтгэн хүлээн авсны дараа тус төвийн Ерөнхий захирал Д.Нарантуяа Монгол Улсын төрөөс нийгмийн эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, хэрэгжилт, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар танилцуулах илтгэл тавилаа.
Такеши Касай нийт хамт олонд хандан мэндчилж, үг хэлсний дараа Шуурхай удирдлагын нэгж, Полимиелитын лабораторийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцав.

Мөн тэрбээр монгол ахуйн нөхцөлд сайжруулсан зуухны ашиглалт, ДЭМБ-ын зөв хооллолтын зөвлөмжийг үндэсний онцлогт тулгуурлан “Гэр” зөвлөмж болгон боловсруулсан нь үр дүн өгч байгааг тусгайлан барьсан монгол гэрт бодитоор нь харлаа.
НЭМҮТ-ийн ОЭМА-наас явуулжбуй үйл ажиллагаа нь өнөөдөр хүн төрөлхтний өмнө хурцаар тулгамдаад байгаа цөлжилтийг бууруулж, эко орчин бүрдүүлэхэд чухал хувь нэмэртэй болохыг бэлэгдэн Такеши Касай тус төвийн ногоон төгөлд дурсгалын мод суулгаж үлдээлээ.
Эрүүл мэндийн асуудал нэг орны хүрээнээс хальж улам бүр дэлхий нийтийн шинж чанартай болж байгаа энэ цаг үед улс орнууд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг илүү өндөр түвшинд хөгжүүлэх шаардлагатай нүүр тулсаар байна. Тиймээс ДЭМБ-ын НДББ-ийн захирал айлчлалынхаа хөтөлбөрт НЭМҮТ-ийн үйл ажиллагааг онцлон, ач холбогдол өгч ийнхүү зочиллоо.
Эх сурвалж: НЭМҮТ


















