"Дэрэн" хожиж, "Улаанбаатар" 8 оноо саллаа
Үндэсний Дээд лигийн тэмцээний топ дөрвөн багийн хооронд болж буй нэмэлт тойргийн тоглолтууд тун сонирхолтой үргэлжилж байна. Багууд 2 тойрогт тус бүр 6 тоглолт хийх юм.
Мэдээллийн алба

Үндэсний Дээд лигийн тэмцээний топ дөрвөн багийн хооронд болж буй нэмэлт тойргийн тоглолтууд тун сонирхолтой үргэлжилж байна. Багууд 2 тойрогт тус бүр 6 тоглолт хийх юм. Мөн хүснэгтийн сүүлийн 5 байрт бичигдэж байгаа багууд 1 тойрог өрсөлдөнө.
"ДЭРЭН" ПЛЭЙОФФ ЭХЛЭЭД 2 ДАРААЛЖ ХОЖЛООДээд лигийн хүснэгтийн 2, 3-р байрт бичигдэж байгаа “Централ Сталлионс”, “Дэрэн” багууд учраа тааран тоглолоо. Багуудын улирлын өмнөх 2 тоглолтод “Централ Сталлионс” дараалан хожоод байсан бол энэ удаад “Дэрэн” баг 2:0 харьцаатай хүчтэй өрсөлдөгчөө буулган авлаа. Ингэснээр Дэрэнчүүд 2-р байрын багаас ердөө 3 оноо дутуу болж ойртож байна. Одоо тэдэнд дахиад байраа ахиулах боломжтой 4 тоглолт бий.Эхний үеийн дунд хэсэгт Н.Анандын дамжуулалтаар Б.Өсөх-Ирээдүй тооны харьцааг нээсэн. Энэ нь түүний улирлын 14 дэх гоол нь байлаа. Ингэснээр Б.Өсөх-Ирээдүй нэг улиралд хамгийн олон оруулсан хувийн амжилтаа ахиулж байна. Тэрээр 2020/21 оны улирал 13 гоол оруулсан нь хувийн дээд үзүүлэлт нь байсан юм.Тоглолтын 2-р үе эхлээд удалгүй М.Батхишигийн бэлдэж өгсөн дамжуулалтаар Ишикава Хиромаса багийнхаа тэргүүллийг бататгалаа. Үүний араас хаалгач Э.Ган-Эрдэнэ эсрэг багийнхаа торгуулийн цохилтыг хааснаар багийнхаа давууг бүрэн хадгалж үлдэж чадсан юм. Дэрэн баг ийнхүү 11 хожил 36 оноотой болсон бол “Централ Сталлионс” 39 оноотойгоор тэмцээнийг цааш үргэлжлүүлэхээр боллоо."УЛААНБААТАР" 8 ОНОО САЛЛАА

Дээд лигийн 2 удаагийн аварга “Улаанбаатар” баг 3 дахь аваргын цомоо хүртэхийн төлөө тун хүчтэй өрсөлдөөнийг үзүүлсээр байна. Тэд гол өрсөлдөгч “Централ Сталлионс”багийн бүдрэлийг ашиглаж, нэмэлт тойргийн хариуцлагатай шатыг 2 дараалсан хожлоор эхлүүллээ. Энэ удаад өнгөрсөн 2 улирлын мөнгөн медальт хүчтэй өрсөлдөгч “Хангарьд” багтай таарч, 3:0 харьцаатай хожлоо.Эхний үед багууд 0:0 харьцаатай тэнцсэн бол 2-р үе эхлээд 7 минутын дараа Х.Цэнд-Аюушийн булангийн цохилтоос өгсөн дамжуулалтаар Д.Төрбат гоолын салхийг хагалсан. "Нийслэлчүүд" ийнхүү плэйоффын чухал шатны тоглолтууд эхлээд 2 тоглолт дараалан хөдөлгөөнгүй бөмбөгнөөс эхний гоолыг оруулж, бэлдсэн зүйл ихтэй байгаа гэдгээ дахин харууллаа. Үүнээс ердөө 1 минутын дараа “Улаанбаатар”-ын сөрөг довтолгоо амжилттай болж, А.Сүзүкигийн дамжуулалтаар Н.Сайнбуян багийнхаа 2 дахь гоолыг оруулсан юм.Улмаар тоглолтын агуулга “Улаанбаатар” багийн талд бүрэн шилжиж, А.Сүзүки 3 дахь гоолыг оруулжээ. Тэрээр энэ улирлын өвлийн цонхоор багтаа нэгдэж, 10 тоглолтод 10 гоолд шууд оролцсон үзүүлэлттэй боллоо.“Улаанбаатар” клуб ийнхүү ардаа бичигдэж байгаа багаасаа 8 оноо илүү болж, лигийн тэмцээнийг илүү итгэл төгс тэргүүлж эхэллээ.

"ХАНТЕРС" 5-Р БАЙРАА БАТАТГАЛААДээд лигийн тэмцээний 5-р байрт бичигдэж буй “Хантерс” баг улирлын 18 дахь тоглолтоо “Ховдын Хүлэгүүд” багтай хийлээ. Энэ тоглолтын эхний үед “Хантерс” баг Мин Ки-Тэе мөргөж оруулсан гоолоор тэргүүлсэн юм. Улмаар хоёрдугаар хагас эхлээд “Хантерс” нэмж 5 гоол оруулахад Мин Ки-Тэе 3 гоолын дамжуулалт өгөхийн сацуу төгсгөлд торгуулийн цохилтоос нэмж нэг гоол оруулжээ. Энэ тоглолтод Э.Мөнгөнбагана, Б.Намсрайдорж, Ким Таемин, Р.Содномрагчаа нар тус бүр 1 гоол оруулсан байна.БНСУ-ын тоглогч Мин Ки-Тэе нэмэлт тойргийн тоглолтууд эхлээд 2 тоглолтод 5 гоол оруулж, 6 гоолын дамжуулалт өгсөн өндөр үзүүлэлт гаргаад байна. “Хантерс” баг ийнхүү улирлын 9 дэх хожил 31 дэх оноогоо авснаар доод хэсгийг тэргүүлэх нь тодорхой боллоо. Тэдэнд одоо “Хоромхон”, “Улаангом Сити” багуудтай хийх 2 тоглолт үлдэж байгаа бөгөөд 5-р байраа бататгаж байна."УЛААНГОМ СИТИ" ХҮСНЭГТИЙН БАЙР АХИЛААДээд лигийн нэмэлт тойргийн шатны хүрээнд учраа таарсан “Хоромхон”, “Улаангом Сити” багуудын тоглолт энэ улирлын хоорондын 3 дахь учраа нь байлаа. Багууд 2-р тойрогт тоглоход “Улаангом” 5:2 харьцаатай хожиж, улирлын анхны хожлоо авч байсан билээ.Тоглолтын өмнө “Улаангом Сити” баг “Хоромхон”-оос 2 оноо дутуу хүснэгтийн 9-р байрт буюу унах бүсэд бичигдэж байсан учраас энэ тоглолтын хожил маш чухал байсан. Улмаар энэхүү хариуцлагатай чухал тоглолтод "Улаангом" баг 4:2-р харьцаатай хожил авснаар 7 оноотой болж хүснэгтийн 8-р байрт дэвшлээ.
“Хоромхон” эхний үед 2:1 харьцаатай тэргүүлсэн бол 2-р үед “Улаангом Сити” багаас 3 гоол оруулж хожлоо. Энэ үед багийн довтлогч Э.Очирваань 3:2 болгож тэргүүлэл авчирсан чухал гоолыг оруулснаас гадна багийнхаа тэргүүллийг бататгасан 4 дэх гоолыг мөн хийсэн юм. “Улаангом”-ын мэргэн бууч Э.Очирваань энэ улирал нийт 9 гоол оруулсан амжилттай боллоо.


















