“Диснейлэнд” үйлчлүүлэгчиддээ гаднаас хүнс авч орохыг зөвшөөрчээ
үйлчлүүлэгчдийн авч орсон хүнсний бүтээгдэхүүн, хоол халаах, боловсруулах, хөргөх шаардлагагүй, онцгой хурц үнэргүй гэсэн тодорхой шаардлагыг хангасан байх ёстой аж.
Мэдээллийн алба

Шанхай хотын “Диснейлэнд” соёл амралт хүрээлэн рүү үйлчлүүлэгчид хоол, амттан, шингэн хүнс авч орохыг албан ёсоор зөвшөөрч, сүүлийн хэдэн сар Хятадын олон нийтийн сүлжээнд том маргаан дэгдээсэн асуудал шийдэгдсэн талаар ССТV мэдээллээ.
Гэхдээ үйлчлүүлэгчдийн авч орсон хүнсний бүтээгдэхүүн, хоол халаах, боловсруулах, хөргөх шаардлагагүй, онцгой хурц үнэргүй гэсэн тодорхой шаардлагыг хангасан байх ёстой аж.
2017 оноос хойш Шанхай хотын “Диснейлэнд” соёл, амралтын хүрээлэн аливаа хоол, зууш, хүнсний бүтээгдэхүүнтэй орохыг хориглохын зэрэгцээ, зөвхөн 600 мл хэмжээтэй лонхтой ундаа, ус л нэвтрүүлэхийг зөвшөөрсөн шийдвэр гаргасан билээ.
Харин “Диснейлэнд”-д үйлчилгээ явуулж буй зоогийн газар, хоолны цэгийн бүтээгдэхүүн хэт өндөр үнэтэй, цөөн сонголттой, амт чанарын хувьд зарим үйлчлүүлэгчдэд тохирохгүй байна гэсэн гомдол, санал урд хөршийн цахим орчинд гарч ихээхэн шүүмжлэл дагуулаад байсан юм. Түүнчлэн өнгөрсөн гуравдугаар сард Шанхай хотын хуулийн сургуулийн оюутан худалдаж авсан зуушаа нэвтрэх үүдэнд хураалгаж, “Диснейлэнд”-ийн захиргааны эсрэг гомдол гаргаж, шүүхэд хандсан байдаг.


















