“Disney+” стрийминг үйлчилгээний төлбөр өнөөдрөөс нэмэгдэнэ
Коронавируст халдварын улмаас хүмүүс гэртээ байж, цахим сүлжээнд олон цагийг өнгөрүүлэх болсонтой холбоотойгоор “Netflix”, “Amazon Prime” тэр дундаа “Disney+” стрийминг үйлчилгээний хэрэглэгчийн огцом нэмэгдсэн.
Мэдээллийн алба

АНУ-ын “Walt Disney” компани “Netflix”, “Amazon Prime” стрийминг үйлчилгээний өрсөлдөгч болох “Disney+” нэртэй шинэ үйлчилгээгээ 2019 оны арваннэгдүгээр сараас АНУ, Канад зэрэг оронд анх нэвтрүүлсэн бөгөөд Их Британи болон Европын бусад орны иргэд өнгөрсөн жилийн гуравдугаар сараас хэрэглэж эхэлсэн.
Коронавируст халдварын улмаас хүмүүс гэртээ байж, цахим сүлжээнд олон цагийг өнгөрүүлэх болсонтой холбоотойгоор “Netflix”, “Amazon Prime” тэр дундаа “Disney+” стрийминг үйлчилгээний хэрэглэгчийн огцом нэмэгдсэн.
“Disney+” стрийминг үйлчилгээг ашиглан “Disney”, “Pixar”, “Marvel”, “Star Wars”, “National Geographic”-ийн кино, телевизийн нэвтрүүлгийг үзэх боломжтой учир бусад өрсөлдөгчөөсөө хурдан хугацаанд хэрэглэгчийн тоо нь өсөж байгаа юм. Бүр “Netflix”-ийн долоон жилийн хугацаа зарцуулсан амжилтад “Disney+” таван сарын дотор хүрсэн байдаг.
Мөн өнөөдрөөс “Disney+” стрийминг үйлчилгээний төлбөр нэмэгдэж байгаа аж. Тодруулбал, нэг жилийн төлбөр 70 ам.доллароос 80, сарын төлбөр 7 ам.доллароос найман ам.доллар болжээ.


















