Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ДХИС-ийн албан хаагч, сонсогчид намрын ургац хураалтын ажилд оролцож байна

Дотоод хэргийн их сургуулийн 25 албан хаагч, 600 гаруй сонсогч Дархан, Сэлэнгэ, Төв аймгийн газар тариалангийн бүсэд ажиллаж байгаа юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ДХИС-ийн албан хаагч, сонсогчид намрын ургац хураалтын ажилд оролцож байна
ДХИС-ийн албан хаагч, сонсогчид намрын ургац хураалтын ажилд оролцож байна. Зураг: МҮОНРТ

Дотоод хэргийн их сургууль нь үндэсний үйлдвэрлэлийг дэмжих үйлсэд гар бие оролцох, сонсогчдыг нийгэмд тустай хөдөлмөрт сургах, хөдөлмөрийн дадлага олгох зорилгоор албан хаагч, сонсогчдыг жил бүр намрын ургац хураалтын ажилд оролцуулдаг.

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн “Ургац хураалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” 235 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, хамтран ажиллах хүсэлт ирүүлсэн аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан ажиллаж байна.

Энэхүү үйл ажиллагаанд Дотоод хэргийн их сургуулийн 25 албан хаагч, 600 гаруй сонсогч Дархан, Сэлэнгэ, Төв аймгийн газар тариалангийн бүсэд ажиллаж байгаа юм.

Төв аймгийн Жаргалант сумын нутагт ажиллаж байгаа Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулийн Гал түймэртэй тэмцэх албаны тэнхимийн багш, ахмад Л.Булганхангай: “Миний хувьд их сургуулийнхаа 29 сонсогчийг ахлан ургац хураалтын ажилд оролцож байна. Бид өглөөний 08:00 цагаас орой 17:00 цаг хүртэл ажиллаж, газрын гарц, цаг агаарын нөхцөл байдлаас хамааран өдөрт ойролцоогоор 200-250 шуудай төмс хураадаг. Манай сонсогчид өдрийн нормоо хангалттай биелүүлэн ажиллаж байгаа. Энд ажиллах нөхцөл, хүнсний хангамж сайн. Харин бороо орохоор төмсөө хураахад амаргүй байдаг. Гэрээ хийсэн байгууллагаас ариутгал халдваргүйжүүлэлтийг цаг тухайд нь хийж байгаа. Манай сонсогчид ургац хураалтын ажилд сэтгэгдэл өндөр байна” гэв.

Дархан-Уул аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрт ажиллаж байгаа Хилийн албаны сургуулийн Хилийн албаны тэнхимийн багш, хошууч Г.Чингис: “Би Орхон аймагт 15 сонсогчийг хариуцан ургац хураалтын ажилд оролцож байна. Энд манай их сургуулийн сонсогчид 7 дахь жилдээ ирж ургац хураалтад гар бие оролцож байгаа юм. Манай сонсогчид хураахад маш нарийн ажиллагаа шаардагддаг, шинэ сортын ургац хураадаг. Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулж ажиллаж байна. Ургац хураах үйл ажиллагаа 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл үргэлжилнэ” гэлээ.

Хуваалцах